УИХ-ын нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолыг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд  Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцэж улмаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн  Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэв.

Хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн тул энэхүү тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Мөн  Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн  УИХ-ын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Uncategorized