• About: admin

Posts by admin:

  • “Бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлон тэмдэглэв

    Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын15-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, дэд дарга Г.Даваадалай нар оролцлоо.

    Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “2023 онд батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхлагч хуулийн үйлчлэлийн хүрээ өргөн, хяналт хариуцлагын тогтолцоо шинээр бүрдэж байгаа тул хууль хэрэглээний зүй зохистой практик бий болгох бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлон тэмдэглэв.

    Мөн тэрээр, “Хөтөлбөрийн төсөлд одоогийн байдлаар 40 гаруй байгууллагаас санал ирсэн бөгөөд энэ сарын 25-ны өдрийг хүртэл байгууллага, олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авна” гэв.

  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт хамрагдсан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын эмэгтэй албан хаагчид сургалт зохион байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого, “2024 онд Удирдлагын академид улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд зохион байгуулсан “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг 2024 оны 1 дүгээр сарын 18-31-ний өдрүүдэд 3 удаа Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны хамт олон зохион байгуулсан билээ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг зохицуулсан хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн
    Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан.

    Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 оны 3 дугаар 04-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

  • Үндэсний аянд нэгдэж хандив илгээсэнд талархал илэрхийлсэн байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хамт олонд хандаж малчдад туслах үндэсний аянд нэгдэн, хандив илгээсэнд нь талархал илэрхийлсэн байна.

    Тэрбээр, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн ам, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учруулж байгаа зудын гамшигтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулан, төр, засгийн шийдвэрийг бүх талаар дэмжиж, малчин ард иргэддээ туслах үндэсний аянд нэгдэж халуун сэтгэлийн хандив илгээсэн танай хамт олонд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын хамт олон зудын эрсдэлд байгаа малчдад туслах хандивын аянд нэгдлээ

    Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, улсын хэмжээнд 20 гаруй сум зудын байдалтай, цаашид хаваржилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан зудын эрсдэлд байгаа малчдад туслах сайн дурын хандивын аяныг улс орон даяар өрнүүлсээр байна. Энэхүү аянд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын хамт олон нэгдэж мөнгөн хандив үзүүллээ.  
    Ташрамд дурдахад, үүсээд байгаа нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар Монгол Улсын Засгийн газар “Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа тусалья”, Монголын Улаан загалмайн нийгэмлэг “Малчдад тусалья” сайн дурын аяныг тус тус зохион байгуулж байна.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулга хийлээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвөөс Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын нийт албан хаагч, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгын хүрээнд олон чиглэлээр дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. 2024.02.29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудал–Монгол Улс, Япон Улс, Аархусын конвенцын харьцуулсан судалгаа–” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

  • Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо

    Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран амжилттай зохион байгууллаа.

    Уралдааны шалгаруулалтыг доктор, эрдэмтдийн баг явуулж, нийт 11 өгүүлэл ирснээс нэгдсэн дүнгээр Э.Баасандэмбэрэлийн “Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг олон улсын гэрээгээр тайлбарлахтай холбоотой зарим асуудал” сэдэвт өгүүлэл 2023 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр шалгарлаа.

  • Төслийн удирдагчаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор О.Мөнхсайхан ажиллажээ

    Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр орчуулах төслийг хамтран хэрэгжүүлсэн байна.

    Энэ төслийн хүрээнд хэвлэн гаргасан “ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл: Үндсэн эрх” номоос гадна МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Хувь хүний Үндсэн хуулийн шүүхэд хандах эрх” Венецийн комиссын шинэчилсэн тайлан, “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, “Үндсэн хуулийн шүүхийн талаарх Венецийн комиссын санал, тайлан, судалгааны эмхэтгэл” номын нээлтийн ажиллагаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр боллоо.

  • Нийгэмлэгийн сэтгүүлийн Зөвлөлийн гишүүд цахимаар хуралдав

    Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл” сэтгүүлийн Зөвлөлийн гишүүдийн цахим хурал 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр боллоо.
    Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, шийдвэрүүд, Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудлуудыг тусгасан нийтлэл, мэдээ, мэдээлэл нийтэлдэг энэхүү сэтгүүлийн Зөвлөлийн хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр оролцов.

  • Шүүхийн үндэсний төв, сургалт, судалгааны хүрээлэнгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болохыг онцлон тэмдэглэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нар Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Судалгаа, сургалтын хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Шинтаро Найто тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цэцийн ордонд хүлээн авч уулзав.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган байгууллагынхаа бүрэн эрх, чиг үүрэг болон Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар зочдод танилцуулав.