Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг
/2017.06.30/ Англи хувилбар
Нэг. Удиртгал
Үндсэн хууль бол иргэн болон төрийн харилцааны үндсийг баталгаажуулан төрийн өөрийнх нь зохион байгуулалтыг тогтоож, эрх хэмжээ, төрийн байгууллагуудын чиг үүргийг заагласан эрх зүйн хамгийн дээд хүчин чадалтай хууль байдаг. Иймд түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь улс орнуудын хувьд нэн чухал асуудал болдог. Энэ зорилгын үүднээс Үндсэн хуулийг өөрийг нь хамгаалах, түүнийг баталгаатай хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн хяналт хэрэгтэй болохыг тогтоосон билээ. Үндсэн хуулийг иргэд бус зөвхөн эрх мэдэлтнүүд зөрчих боломжтой. Иймд Үндсэн хуулийн хяналтын гол зорилт нь төр, түүний албан тушаалтан Үндсэн хуулийг гажуудуулахаас хамгаалахад оршдог.
Ардчилсан тогтолцоог төрийн удирдлагын үндэс болгосон улс орнуудад Үндсэн хуулийн шүүхийг байгуулж, төрийн үйл ажиллагаанд шүүхийн хяналтыг төлөвшүүлэх, улмаар Үндсэн хуулийг хамгаалж, түүнийг амьд үйлчилдэг эрх зүй болгох хандлага нийтлэг байна. Энэ хандлага Европ болон Азийн ихэнх улс оронд өөрийн байр сууриа нэгэнт эзэлсэн байна. Түүнчлэн, Үндсэн хуулийн шүүхийн хяналтын тогтолцоо нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний буюу иргэний эрхийг хамгаалах үр дүнтэй механизм болж чаддаг давуу тал үүнд нөлөөлсөн юм.
Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний үйл ажиллагааны Үндсэн хуулийн үндэс.
Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа Үндсэн хуулийн хяналт хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд гарааны ижил нөхцөлтэй байсан хуучин социалист улс орнуудын хандлага болон нэг эрх зүйн бүлд хамаарах Европын улс орнуудад нэгэнт өргөн дэлгэрсэн загвар болох Үндсэн хуулийн хяналтыг шүүхийг журмаар хэрэгжүүлэх загварын хүлээн авсан гэж үзэж болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн”[1] хэмээн заасан нь Цэцийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн суурь зохицуулалт мөн. Ийнхүү Монгол Улс Үндсэн хуулийн цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон нь манай улсын хувьд орчин үеийн ардчилсан эрх зүйт төр рүү хийсэн зарчмын том алхам болсон[2] хэмээн дүгнэж болно.
Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв ойлгох нь Үндсэн хуулийн цэцийн цаашдын хөгжилд маш хүчтэй нөлөөлөх хандлага ажиглагдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбарт (албан бус) “Энэхүү заалтыг өнгөцхөн харахад Монгол Улсын Үндсэн хуулийн цэц а) Үндсэн хуулийн дээд хяналт тавьдаг; б) Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн дүгнэлт гаргадаг; в) Үндсэн хуулийн маргааныг магадлан шийдвэрлэдэг ийм гурван эрхтэй байгууллага юм шиг ойлгогддог. Тэгвэл энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн талаарх Үндсэн хуулийн бусад заалттай харьцуулж нарийвчилсан шинжилгээ хийж үзвэл Үндсэн хуулийн цэц өвөрмөц онцлогтой, бие даасан, байнгын ажиллагаатай, зөвхөн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн маргааныг дагнан шийдвэрлэдэг тусгай шүүх юм” гэсэн бол зарим судлаач үүний бүр эсрэгээр нь тайлбарлах оролдлого хийсэн нь байна. Мэдээж хэрэг, энэ заалт нь Үндсэн хуулийн бусад зүйл, заалтгүйгээр тайлбарлагдах аргагүй боловч чухамхүү үүнийг хэрхэн хийснээс үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх эсэх нь тодорхой болох юм.
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийг ихээхэн гол болгодог хуульч нар ч бий, бас түүнийг үгүйсгэдэг хуульч нар ч бий. Ер нь тухайн үеийн хууль тогтоомжийг баталж байсан техникийг харвал, ихэвчлэн “тоочих” хандлага байсныг дурдмаар байна. Хууль тогтоомж огт хэрэглэж үзээгүй нийгмээс эрх зүйт төрийн үзлийг дээдлэх нийгэм рүү алхахад тодорхойгүй зүйл асар их байдгаас “сэргийлж”, Үндсэн хуулийн хяналтад хамаарах шийдвэр (хууль, тогтоол, зарлиг гэх мэт), албан тушаалтны үйл ажиллагаа (Ерөнхийлөгчөөс эхлүүлээд Улсын ерөнхий прокурор хүртэл)-г тоочиж заасан болов уу гэж таамаглаж байна. Ойлголтыг хэвшүүлэх, төлөвшүүлэх, тодорхой болгох зэргээс эхлүүлээд тоочих зарчимд эерэг зүйл их бий. Харин одоо нэгэнт тогтсон ойлголтоо төгөлдөржүүлэх шаардлага байгааг дараагийн хэсгүүдэд тодорхой дэвшүүлнэ.
Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд шууд хамааралтай заалт бол Далдугаар зүйл мөн.[3] Органик онолын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн аль ч байгууллагаас гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэх ёстой болохыг маш тодорхой бөгөөд энгийнээр энэ зүйлд заасан байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан 3 эрх мэдлийн байгууллагаас гаргасан шийдвэр Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд халдаж болохгүй гэсэн үг юм. Энэхүү заалтыг Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай холбож байгаагийн учир нь өмнө дурдсанчлан Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд зааснаар Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих нь Цэцийн гол үүрэг билээ.
Гурав. Үндсэн эрхийн хамгаалал – Цэцийн туршлага.
Монгол Улсын Үндсэн хууль ёсоор иргэн (Монгол Улсын, гадаадын, харьяалалгүй хүн) өөрт хамааралтай болон өөрт хамааралгүй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, өргөдөл гаргах эрхтэй. “Үндсэн хуулийн цэц 1992 оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаанд нийт 2317 өргөдөл, мэдээлэл, хүсэлт авчээ. Эдний ихэнх нь иргэдээс ирсэн өргөдөл байна.”[4] Үндсэн хуулийн маргаан үүсгэн Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцсэн нийт өргөдөл, мэдээллийн 53 орчим хувь нь хүний эрхийн холбогдолтой Үндсэн хуулийн заалтыг[5] зөрчсөн эсэх тухай байжээ. Үүнээс хүний эрхийн талаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг 41 хувь нь зөрчсөн, 59 хувь нь зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан байна.[6] Тухайлбал, иргэдийн өмчлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөө, халдашгүй чөлөөтэй байх болон процессийн эрхтэй холбоотой олон шийдвэрийг Цэцээс гаргаж олон түмний талархлыг хүлээсэн юм. Эдгээр шийдвэр нь хамгийн гол нь хэм хэмжээний хийсвэр хяналтын үр дүн байсан учир хувь этгээд бус нийтлэг үйлчлэх нөлөөлөлтэй байсан гэдгээрээ бас онцлог гэж үзэж болно.
Дөрөв. Тулгарч буй асуудал.
Дээр дурдсан тоон дүнг өнгөцхөн дүгнэвэл, иргэн өөрийн үндсэн эрх зөрчигдсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргахад ямар нэг асуудал (проблем) алга гэмээр. Гэтэл манай хууль тогтоомж, практикаар иргэн хүн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргасан шийдвэрт л хамааруулж “гомдол” гаргах боломжтой юм. Харин шүүх эрх мэдлийн байгууллагаас гаргасан шийдвэр Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хандсан тохиолдол тэмдэглэгдээгүй байх юм. Эл асуудалд гадаадын их сургуулиудад тухайлан Үндсэн хуулийн хяналтын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан А.Бямбажаргал[7], О.Мөнхсайхан нар өөрсдийн бүтээлд шүүмжлэлтэй байр суурьнаас хандаж эхэлсэн байна. Тухайлбал, доктор. О.Мөнхсайхан “Цэц байгуулагдсан цагаасаа шүүхийн шийдвэрээр үндсэн эрх зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэхээс татгалзаж ирсэн.”[8] гэж тэмдэглэснийг анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Гол санаагаа тэрээр “Үндсэн хуульд заасан процессын эрхийг хамгаалах ёстой шүүх нь өөрөө эдгээр эрхийг зөрчдөг. Тиймээс үндсэн хуулийн гомдол ихэнхдээ хуулиас илүүтэй шүүхийн шийдвэрийн эсрэг чиглэгддэг” гэж томъёолсонтой санал нэг байна.
Шүүхийн шийдвэрийн талаар Цэцэд гомдол гаргах ойлголт анхнаасаа ямар байсан талаар доктор, профессор Ц.Сарантуяа багш “Үндсэн хуулийн гомдол Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд хоёр шалтгаанаар тусгагдаагүй:
(1) “1992 онд тухайн асуудлаар судалгааг гүнзгийрүүлж хийж амжаагүйтэй холбоотой;”
(2) “үндсэн хуулийн шүүхээс, шүүх эрх мэдлийн бусад байгууллагын эцсийн шийдвэрийг хянах нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд заасан, “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэсэн заалттай харшилдана хэмээн тухайн үедээ ойлгож байсан”[9] гэж бичсэн нь мөн анхаарал татна.
Тав. Шийдэл.
Энэ бүгдээс үзэхэд, (а) Үндсэн хуулийн цэц хүний эрхийн хамгаалалтыг абстракт буюу хийсвэр хяналтыг хэрэгжүүлэх замаар зонхилон хийж ирсэн; (b) эдгээр зөрчил нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргасан шийдвэрт л хамааралтай явж ирсэн; (с) хүний эрхийн тодорхой зөрчлийн талаарх (шүүхийн шийдвэртэй холбоотой) маргааныг Цэц хэлэлцэж байгаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаж болохоор байна.
Тиймээс шүүхийн шийдвэртэй холбогдсон үндсэн эрхийн маргааныг Цэцэд хэлэлцэх боломж бий юу? гэсэн үндсэн асуудал дэвшүүлэв.
- Онолын хувьд.
Онолын хувьд боломжтой гэж энэ чиглэлээр судалдаг докторууд бичиж байна. Тухайлбал, доктор Ч.Өнөрбаяр “Хэдийгээр энэхүү үндсэн эрхийн маргааныг хуулиар Үндсэн хуулийн цэцийн хяналтын обьект болгон шууд зааж өгөөгүй боловч Үндсэн хуульт ёсны онол, хууль зүйн техникээр нь дамжуулан Цэцийн маргааны харьяалалд багтаах бүрэн боломжтой[10]” хэмээн тэмдэглэсэн бол доктор Ц.Сарантуяа багш “Цэцийн хяналтад хамаарах бүх шийдвэрийг хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүрэлдэхүүнд багтах байгууллага, албан тушаалтны шийдвэр хэмээн ангилж болох ба үүнд шүүх эрх мэдлийн байгууллага (ердийн болон дагнасан шүүх)-ын шийдвэр багтаж ороогүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэн шийдвэрлэж буй маргааны харьяалал сонгодог ойлголтоос зөрүүтэй болохыг илтгэдэг. Харин сонгодог онолын дагуу Үндсэн хуулийн шүүх нь ердийн болон дагнасан шүүхийн шийдвэрийг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянадаг тухай өмнө өгүүлсэн. Энэ тохиолдолд ердийн болон дагнасан дээд шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараагаар Үндсэн хуулийн шүүхэд хандах эрх бий болдог. Дээрх асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд Улсын дээд шүүхийн шийдвэрийг хянах эрхийг олгочих юм бол Цэц хяналтын “супер” шат дамжлага болчихно гэж ойлгож болохгүй. Мөн энэ нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасантай зөрчилдөхгүй юм.[11]” гэж бүр тодорхой дурдсан байна.
- Хууль зүйн хувьд.
Үндсэн хууль тогтоогч нар анхнаасаа энэ санааг илэрхий татгалзаагүй гэдгийг доктор О.Мөнхсайхан нотолсон байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн утга агуулгыг өргөн утгаар нь авч үзвэл Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн талаарх бүхий л маргааныг Цэц хянан шийдвэрлэх боломжтой юм. Түүнээс гадна Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөрт хүний үндсэн эрхийг хамгаалахад Цэцийн үүргийн талаар тодорхой заасан байна.
- Дэлхий нийтийн хандлага.
Хүний эрхийн хамгаалал бол Үндсэн хуулийн шүүхийн гол үүрэг. Тийм ч учраас дэлхийн улсуудын Үндсэн хуулийн шүүхүүд энэ чиглэлээр ихээхэн дэвшил гаргажээ. Тухайлбал, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн талаарх эрх зүйн зохицуулалтыг судлан үзэхэд Үндсэн хуулийн 93 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4а-д Үндсэн хуулийн гомдол буюу үндсэн эрх зөрчигдсөн тухай гомдлыг Үндсэн хуулийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байхаар тусгасан байна[12]. Мөн Үндсэн хуулийн хуулийн 94 дүгээр зүйлд Үндсэн хуулийн гомдол гаргах гол нөхцөл нь гомдлыг шийдвэрлэх үндэсний бусад шүүхийн боломж барагдсан байх явдал хэмээн хуульчилсан байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн аль ч актын эсрэг иргэн хүн (хуулийн этгээд үүнд нэгэн адил хамаарна) үндсэн хуулийн гомдол гаргах боломжтой. Тухайн эрх зүйн актын сөрөг нөлөөнд хохирсон этгээд энэ гомдлыг гаргах эрхтэй ба Холбооны Үндсэн хуулийн шүүхийн хянан шийдвэрлэсэн маргааны ихэнхийг нь үндсэн эрхийн гомдлын дагуу үүсгэн шалгажээ.
ХБНГУ-ын 1949 оны Үндсэн хуульд анх үндсэн эрхийн гомдлыг хүлээн авах талаар тусгаагүй байсан боловч 1951 оны ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тухай хуульд тусгалаа олж, улмаар аливаа хууль, шүүхийн шийдвэр, захиргааны актаар үндсэн эрхээ шууд зөрчүүлсэн хувь хүнд Үндсэн хуулийн шүүхэд хандах боломж нээгдсэн байна.. Ийнхүү Үндсэн эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн Үндсэн хуулийн шүүхэд шууд гомдол гаргах боломжийг анх Үндсэн хуулиар биш ердийн хуулиар олгож байсан нь Үндсэн хуулийн үзэл санааг ердийн хуулиар хөгжүүлсэн нэгэн жишээ юм[13].
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тухай хуульд[14] зааснаар нийтийн захиргааны үйлдэл, эс үйлдэхүйгээр үндсэн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн этгээд ердийн шүүхийн шийдвэрээс бусад асуудлаар Үндсэн хуулийн шүүхэд эрхээ хамгаалуулахаар Үндсэн эрхийн гомдол гаргаж болохоор хуульчилсан байна. Ингэхдээ хуулиар тусгайлан тогтоосон журам байгаа тохиолдолд тухайн журмын бүх үе шатыг гүйцээхгүйгээр гомдол гаргавал Үндсэн хуулийн шүүх уг гомдлыг хүлээн авахгүй байх нөхцөлийг тусгасан[15] байдаг.
Мөн түүнчлэн ердийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч аливаа тал шүүхийн хэрэглэж буй хууль буюу хэм хэмжээ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тухайн шүүхэд энэ талаарх хүсэлтээ өгөх бөгөөд иргэний хүсэлтийг шүүх хүлээж аваагүй тохиолдолд Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргаж болно[16]. Энэ нь хийсвэр хяналтын сул талыг даван гарсан маш ухаалаг /боловсронгуй/ зохицуулалт гэж болохоор байна.
Турк Улсын Үндсэн хуулийн шүүх нь хууль, Туркийн Үндэсний дээд чуулганы үйл ажиллагааны журам болон хууль хэрэгжүүлж байгаа түвшинд агуулга болон хэлбэрийн талаас нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянах бөгөөд үүний зэрэгцээ иргэдийн Үндсэн эрхийн гомдлыг (individual application)[17] шийдвэрлэдэг[18] байна.
Зургаа. Дэвшүүлж буй санаа.
Юуны өмнө хүний үндсэн эрхийн бүхий л төрлийн зөрчлийн асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх боломжтой, энэ нь ч түүний үндсэн үүрэг гэж үзэж байгаа тул дараах хоёр санааг дэвшүүлж байна. Үүнд:
- Монгол Улсад хүний эрхийн бүхий л төрлийн зөрчлийн асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх асуудлаар олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, үүний үндсэн дээр шийдвэрлэх асуудал, гарч болох эерэг болон сөрөг үр дагаврын талаар тодорхой түвшинд ойлголцох шаардлага байна.
- Ямар үр дүн гарахаас үл хамаарч хүний үндсэн эрхийг тухайлан хамгаалах талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох алхам хийх. (Хуулийн төсөл боловсруулах гэх мэт).
Анхаарал хандуулсанд баярлалаа.
[1] Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн агуулгын талаар эрдэмтэн судлаач нар тайлбарлах оролдлого хийж, энэ заалтын багтаамжийн талаар янз бүрээр бичиж байгааг дурдъя.
[2] Сарантуяа Ц., Үндсэн хууль ба үндсэн хуулийн шүүх: Үндсэн хуулийг шүүхийн журмаар хамгаалах асуудалд, Монгол Улсын төр, эрх зүй сэтгүүл 2002, №1, 21 дэх тал
[3] Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.
[4] Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ, УБ хот, 2016 он, 179 дэх тал.
[5] Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн нийт заалттай холбогдуулан дүнг гаргав.
[6] 2016.12.31-ний байдлаар.
[7] A.Byambajargal. A study a the problems and improvements of Constitutional Rewiew in Mongolia. Kookmin University, Seoul, 2014.
[8] О.Мөнхсайхан. Иргэдийн өргөдөл, мэдээлэлтэй холбоотой үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг оновчтой тодорхойлох боломж. МУИС-ийн ХЗС-ийн 55 жилийн ойд зориулсан өгүүлэл.
[9] Ц.Сарантуяа. Үндсэн хуулийн процессын эрх зүй.
[10] Өнөрбаяр Ч., Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага (Түүх, Улс төр, Эрх зүй), Улаанбаатар, 2014, 171 дэх тал
[11] Ц.Сарантуяа. Процессын эрх зүй. Онол, туршлага, 2013, 2014, 42 дахт тал.
[12] 1949 оны Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуульд 1969 онд оруулсан өөрчлөлтөөр 93 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 4а гэсэн тусгай заалт нэмсэн.
[13] О.Мөнхсайхан, Иргэний өргөдөл, мэдээлэлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг оновчтой тодорхойлох нь, Улаанбаатар, 2015
[14] Үндсэн хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар Үндсэн хуулийн гомдлыг Үндсэн хуулийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааруулсан.
[15] Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 1
[16] Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 2
[17] 2010 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон. Хувийн өргөдөл /individual application/ нь Үндсэн хуулийн гомдлын шаардлагын нэг хэлбэр бөгөөд нийтийн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй болон процессын үе шатанд үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн хувь хүн Үндсэн хуулийн шүүхэд хандан онцгой буюу нэмэлтээр гаргаж буй гомдлын шаардлага юм. http://www.anayasa.gov.tr/en/About/Publications/IndividualApplication.pdf
[18] Туркийн Үндсэн хуулийн 148 дугаар зүйл. Чиг үүрэг болон бүрэн эрх148.3. Functions and powers ARTICLE 148- (As amended on September 12, 2010; Act No. 5982) The Constitutional Court shall examine the constitutionality, in respect of both form and substance, of laws, decrees having the force of law and the Rules of Procedure of the Grand National Assembly of Turkey, and decide on individual applications. Constitutional amendments shall be examined and verified only with regard to their form. However, decrees having the force of law issued during a state of emergency, martial law or in time of war shall not be brought before the Constitutional Court alleging their unconstitutionality as to form or substance.