Даргалагч

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгчийг даргалах эрх авсан гишүүн орон 2 жилийн хугацаанд Их хурлын бүхий л ажиллагааг зохион байгуулж удирдах бөгөөд тухайн даргалж буй гишүүн орны Үндсэн хуулийн шүүхийн дарга тус нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд тус нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах эрхийг өмнөх хурлаар олгосныг баталгаажуулсан билээ. 

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Ази тивийн төдийгүй Үндсэн хуулийн шүүхийн бүс нутгийн бусад байгууллагууд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өндөр хариуцлага ногдуулж байгаа  нэр төрийн хэрэг билээ.

Үүний сацуу Монгол Улс ардчилсан Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх, түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, тууштай хэрэгжүүлэхэд баримталсан зөв, оновчтой бодлого, үйл ажиллагааны  том  үнэлгээ гэж үзэж байна.

Нийгэмлэгийг даргалах хугацаа нь Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ойтой тус тус давхцаж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

 Энэ бүхэн нь Монгол Улс төрт ёсны түүх, соёлын уламжлалтайгаа төдийгүй ардчиллыг төгөлдөржүүлэх, шударга ёсыг бататгах, иргэнийхээ эрх, эрх чөлөөг дээдлэх талаар дэлхийн нийтийн түгээмэл хөгжилтэй эн зэрэгцэн алхаж буйгаа бусад орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад таниулах өргөн боломж олгож байна.

ХХ зуун Үндсэн хуулийн зуун байсан бол энэ зуун Үндсэн хуулийн шүүхийн зуун болно гэж Үндсэн хууль судлаачид тодорхойлж байна. Энэ тодорхойлолт Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, нэр хүнд үлэмж өсч, шийдвэрийнх нь үнэ цэнэ, ач холбогдол, нөлөө нь улам нэмэгдэж буйтай нягт холбоотой.

Тиймээс түүх, соёл, уламжлал, Үндсэн хуульт ёс үүсч хөгжсөн өөрсдийн өвөрмөц  тогтолцоотой 20 улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн Азийн нийгэмлэг нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох,  хууль зүйн шинжлэх ухааны онол, арга-зүй, мэдлэгийг улам хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулахын сацуу Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын өмнө тулгараад буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэргээр үйл ажиллагаагаа улам идэвхтэй явуулахыг цаг хугацаа шаардаж байна.

Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэдээлэл солилцох, олон улсын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, туршлага харилцан хуваалцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сургалт хийх, онол, практикийн хурал зохион байгуулах, шинэ гишүүн элсүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйгээр дагнасан бүтээл туурвих, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох зэргийг хөхиүлэн дэмжих явдал  тус нийгэмлэгийн үйл ажиллагааных нь нэг чухал хэсэг байх болно.

Түүнээс гадна дэлхийн болон тив, бүс нутгийн Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг холбоо, нийгэмлэгүүдтэй олон талт болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа улам нягтруулах, үйл ажиллагааг нь уялдуулах зэргээр  Үндсэн хуулийн ардчиллын үнэт зүйлсийг өргөн түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн хяналтын байгууллагын бие даасан, хараат бус байх эрх зүйн баталгааг  бүрэн хангах талаар хамтын нэгдсэн бодлого, чиглэл баримтлах нь чухал болоод байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн даргын хувьд хүлээсэн үүргээ үр өгөөжтэй, нэр төртэй хэрэгжүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч  Н.Чинбат