• Г.Баясгалан: “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Ерөнхий консул, хатагтай Стефани Бурриг 2024 оны зургадугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож буйг тэмдэглээд хамтын ажиллагаа нийгмийн харилцааны бүхий л салбарт идэвхтэй, амжилттай хөгжиж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

  • Турк, Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхээс баяр хүргэжээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Кадир Өзкаяа, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, хатагтай Элвира Азимова нар тус тус албан захидал ирүүлсэн байна.

  • “Үндсэн хуулийн хяналт ба байгаль орчны эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ

    БНСУ-д төвтэй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газраас “Үндсэн хуулийн хяналт ба байгаль орчны эрх” сэдэвт олон улсын судлаачдын 4 дүгээр бага хурлыг 2024 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулжээ.

  • Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод болно

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүллээ.

    Ялангуяа Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчиллаа.

    Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Conscourt Mongolia (@conscourtmongolia) , Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Mонгол Улсын Үндсэн хуулийн цэц гэсэн албан ёсны хаягуудаараа дамжуулан түгээж эхэллээ.

  • Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайдтай уулзлаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг 2024 оны зургадугаар сарын 10-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд ноён Элчин сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын хариуцлагатай албан тушаалд сонгогдсонд баяр хүргэхийн сацуу цаашид хоёр улсын Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гүүр болж дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

  • Венецийн Комиссоос захидал ирүүлжээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Европын Зөвлөлийн Венецийн комиссын захирал, хатагтай Симона Граната-Менгини албан захидал ирүүлсэн байна.

    Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын өндөр хариуцлагатай албан тушаалд сонгогдсонд баяр хүргэж, хоёр талын хамтын ажиллагаа, сайн харилцаа цаашид үргэлжлэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

  • Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгоно

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж, гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох хүрээнд хуульд нийцүүлэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтсон байна.

    Тухайлбал, Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг Цэцийн гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагч гишүүнийг томилох асуудлыг гишүүдийн эрх тэгш байдал, тэнцвэртэй оролцоог хангах зорилгоор тохиолдлын аргаар шийдвэрлэж байх,Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх, судалгаанд үндэслэх зарчмыг баримтлан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн үндэслэл хэсгийг долоо хоногийн дотор эцэслэн боловсруулж ёсчлохоор болжээ.

  • Үндсэн хуулийн цэцийн даргаар Гунгаагийн Баясгаланг сонгов

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2024 оны 5 дугаар сарын
    31-ний өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

    Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Гунгаагийн Баясгаланг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

  • Монгол Улсын Их Хурлын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүнийг томилов

    Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасан байдаг.