Кибер аюулгүй байдлын Зөвлөл, Удирдлагын академи хамтран “Цахим засаглалын төлөв, цаашдын чиг хандлага /Кибер аюулгүй байдал/” сэдэвт сургалтыг 2024 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ нь кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхээр боловсруулсан шинэ модулаар явагдсан анхны сургалт юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар, Удирдлагын академи, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар удирдан явуулсан тус сургалтад төрийн болон албаны онц чухал мэдээлэл хамгаалах үүрэг бүхий Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний комисс, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн албаны Зөвлөл, Шүүхийн ерөнхий Зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг нийт 36 байгууллагын кибер аюулгүй байдал хариуцсан албан хаагчид хамрагдлаа.