“Бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлон тэмдэглэв

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын15-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, дэд дарга Г.Даваадалай нар оролцлоо.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “2023 онд батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхлагч хуулийн үйлчлэлийн хүрээ өргөн, хяналт хариуцлагын тогтолцоо шинээр бүрдэж байгаа тул хууль хэрэглээний зүй зохистой практик бий болгох бодлогын гол чиглэлүүд үндэсний хөтөлбөрт тусгагдан хэрэгжих ёстой”-г онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр, “Хөтөлбөрийн төсөлд одоогийн байдлаар 40 гаруй байгууллагаас санал ирсэн бөгөөд энэ сарын 25-ны өдрийг хүртэл байгууллага, олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авна” гэв.

Ёс зүйн хорооны гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн нийтлэг хэм хэмжээ, зарчим, онцлог зохицуулалт, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”, Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн, МУИС-ийн багш, доктор Г.Мягмар нар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн талаар тус тус танилцуулга хийж, хэлэлцүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, “Сүүлийн таван жилийн хугацаанд гарсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тоо жил тутам буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь бидний тайвшрах шалтгаан биш.

Цаашид төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргадаггүй болж төлөвших, ёс зүйн манлайлал, соёл бий болоход үндэсний хөтөлбөрийн зорилго чиглэх учиртай”-г цохон хэлжээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.