“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” (The Universal Declaration of Human Rights) бол хүний үндсэн эрхийг эрхэмлэн дээдлэх зарчмыг баталсан баримт бичиг бөгөөд хүний эрхийн баталгааны зорилт, суурь хэмжүүрийг олон улсын хэмжээнд анх удаагаа зарлан тунхагласан юм.
1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан билээ.
Тус тунхаглал 30 зүйлээс бүрдэх бөгөөд хүн бүрийн эдлэх иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын зэрэг олон талт эрхийг багтаасан. Улмаар тунхаглалын үзэл санаа дэлхийн улс орнуудын Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын хурал цуглааны шийдвэрт тусгалаа олох байдлаар хүчтэй нөлөө үзүүлсээр иржээ.
Тиймээс ч 1950 оноос эхлэн жил бүр хүний эрх, эрх чөлөөг цогц байдлаар эрэмбэлэн тодорхойлсон, улс орон бүхэнд үлгэр болохуйц хүний эрхийн жишиг тогтоосон энэхүү баримт бичиг батлагдсан өдрийг олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна.
Хүний эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулийн
суурь үзэл баримтлалын нэг юм
“Хүн бүхэн заяагдмал эрхтэй" хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс болсон билээ.
Хүний эрх, эрх чөлөөг хангах нь ардчилсан нийгмийн эрхэм зорилго билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэнэ хэмээн тунхаглаж, Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө”-г тодорхойлсон нь түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын нэг болгосон юм.
Монгол Улс хүний эрхийн олон улсын 40 гаруй гэрээнд нэгдэн орох буюу соёрхон баталжээ
“Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.”, “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалтууд нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний асуудал нь олон улсын олон талт болон хоёр талт хүний эрхийн талаарх гэрээг биелүүлэхэд хамаарч байдаг.
Монгол Улс Үндсэн хуулиа баталснаас хойш хүний эрх, эрх чөлөөний төлөө олон улсын болон иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд эдгээрийг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичигт тусгаж, мөн олон улсын гэрээнд нэгдэн орох замаар баталгаажуулжээ.
Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болохын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг хүний эрхийн талаарх олон улсын 40 гаруй гэрээнд нэгдэн орсон буюу соёрхон батласан байна.
Түүнээс гадна Монгол Улс 2000 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг баталж, Хүний эрхийн үндэсний байгууллагыг байгуулсан билээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болгон хуульчилсан байна.