2023-11-13

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Тусгай илтгэгч, хатагтай Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр өнөөдөр /2023-11-13/  хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат  Үндсэн хуулийн хяналтын хүрээнд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, хангахад Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэж буй үүрэг,  үйл ажиллагаа, баримталж буй эрх зүйн зохицуулалтын талаар төлөөлөгчдөд танилцуулж, дараа нь тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.

НҮБ-ын Тусгай илтгэгч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийх хүрээнд, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас гадна хүний эрхийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд, эрдэмтэн судлаач,  хуульчдын төлөөлөлтэй уулзахдаа тухайлбал, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, бие даасан, хараат бус үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,  хэргийг шударгаар шүүх, шүүхийн үйл ажиллагаа болон хууль зүйн туслалцаа тэгш, хүртээмжтэй байх зэрэг асуудалтай танилцаж улмаар дүгнэлт, зөвлөмж гаргах ажээ.