2015-05-13

constitutional courts to voids article of personal secrets law

Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахгүй байх агуулгатай нэмэлт оруулсан нь дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолын өвчтэй хүний нэр төр, алдар хүндэд халдах, нийгмээс тусгаарлах, улмаар тухайн халдвар тээгч шинжилгээ, эмчилгээнд хамрагдахаас зугтаах, өвчнөө нуун далдлах үр дагаврыг бий болгож болзошгүй зохицуулалт хуульчилсан байна гэж үзэв.

Улмаар Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “… Иргэний хувийн … нууц, …-ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “… Хүний эрх, нэр төр, алдар хүнд, …-г хангах зорилгоор задруулж үл болох … хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт болон Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч