Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон дунд суудлын хуралдаанаас “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай” хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан билээ.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрч холбогдох тогтоол гаргасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороо холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэдгээ тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд албан бичгээр мэдэгдсэн байна.
Дурдсан хуульд тухайлбал, “0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх…-т тэтгэмж олгох”, “төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан нь “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль…ийн өмнө эрх тэгш байна.”, “Хүнийг…хүйс..ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн юм.