2019-05-08

Шүүх эрх мэдэл-Шүүгчийн хараат бус байдалд авлига нөлөөлөх нь


Удиртгал
Монгол Улсын Үндсэн хуульд шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй харилцан хяналт тэнцвэртэй, чиг үүрэг нь халдашгүй дархан, бие даасан удирдлага, зохион байгуулалттай болохыг үзэл баримтлалын төвшинд тодорхойлсны зэрэгцээ “шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ”, “шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, “шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хариуцна”, “шүүх бие даасан шүүгч хараат бус байна”, “хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан нь Монгол Улсад шүүх эрх мэдлийн хараат бус байдлын Үндсэн хуулийн эрх зүйн үндэс бүрэлдсэн байдаг. Шүүгчийг томилохдоо мэдлэг, ёс зүйтэй, шударга шулуун байдал, тал үл харах буюу төвийг сахих байдлаасаа илүү нам, засгийн бодлогод үнэнч байх, улс төрийн хувьд найдвартай байдлыг харгалздаг байжээ.[1] Мөн шүүх нь гүйцэтгэх эрх мэдлийн бүрэлдэхүүнд багтдаг байсан нь шүүх, шүүгч нарын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага тэдгээрт хамгийн их нөлөө үзүүлж шүүгчид нэр дэвшихэд намын гишүүн байхыг шаарддаг, намд үнэнч байж л албан тушаалын шатлалаар өгсөх боломжтой байжээ.[2]

Харин Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь шүүх эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй ижил түвшинд тогтоон тунхаглаж, Үндсэн хуульд шүүхийн байгууламжтай холбоотой олон зарчмыг тогтоож өгснөөрөө онцлог юм. Монгол Улсын Үндсэн хууль төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд харилцан тэнцвэртэй, хяналттай, бие даасан байх зарчмын дагуу хуваарилснаар Монгол Улсын түүхэнд анх удаа шүүх эрх мэдэл нь Үндсэн хуулийн дагуу бие дааж бусад эрх мэдлээс хараат бус байх төдийгүй тэдгээрийг хуулийн хүрээнд хянах, эрх мэдлийн хувьд тэнцвэртэй, аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрх бүхий эрх мэдлийн зохион байгуулалт, тогтолцоо болсон юм[3]. Шүүх эрх мэдлийн хараат бус байдал нь төрийн эрх мэдлийн тогтолцоонд шүүх бие даан оршиж байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” гэсэн хоёр зарчмын нийлбэр гэх үзлээр Үндсэн хуульд томьёолсон байна.[4] Харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд буюу шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд юу саад болж мөн гагцхүү юу ганхуулж байна вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Тиймээс шүүх тогтолцоон дахь авлигын асуудлыг тодорхойлж, түүний шалтгаан ба илтгэх үзүүлэлтийг судлахыг зорьсон юм. Түүнчлэн, авлигатай тэмцэх нөөц бололцоог судалж шүүхийн албан тушаалтнуудын цалин хангамж зэрэг шүүхийн төсөв хөрөнгө, шүүхийн  дэд бүтцэд зарцуулагдах санхүүжилттэй холбоотой асуудлыг олон улс оронтой харьцуулан авлигаас урьдчилан сэргийлэх талаас нь авч үзэн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бататгах арга замыг судлахыг хичээж мөн шүүхийн бие даасан байдлыг хангах болон шүүхийн үйл ажиллагаанд тавих хяналт хоорондын зохистой харьцаа, тэдгээрийн харилцан хамаарал нь авлигыг таслан зогсоох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хэр ач холбогдолтой эсэх талаар авч үзсэн болно.

 

Нэг. Шүүхийн хараат бус байдал

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж заасан нь шүүх эрх мэдлийн мөн чанар, гол онцлог, шударга ёс, шүүгчийн статусын амин сүнсийг илэрхийлсэн Үндсэн хуулийн зарчим бөгөөд шинэ үзэл баримтлалын цөм нь мөн.

Олон улсын баримт бичгүүд болон Банглорын зарчмын жишгийг үндэс болговол шүүхийн хараат бус байдал дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:[5]

1) шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэй ижил эрх зүйн байдалтай төрийн бие даасан эрх мэдэл;

2) хараат бус байдлаа хадгалахын тулд шүүх нь бодлогоо өөрөө тодорхойлно;

3) шүүхийн төсвийг өөрсдөө боловсруулж, батлуулахаар парламентад оруулна;

4) шүүгч нарыг томилох буюу сонгох, дэвшүүлэх журам нь ил тод, тодорхой байх;

5) шүүгч нарыг бүх насаар нь томилох;

4) шүүгч нарын цалин нь амьдралд хүрэлцээтэй байх;

6) шүүгч нар боловсрол, туршлагын хувь наад захын өндөр шаардлага хангасан байх;

7) шүүгчийг дэвшүүлэх нь түүний мэргэжлийн мэдлэг, туршлага, ёс зүйн чанарыг бодитоор үнэлсний үндсэн дээр хийгдэх;

8) шүүгчид сахилгын арга хэмжээ ногдуулах буюу огцруулах ажиллагааг зөвхөн сахилгын зөрчил гаргасан, эсхүл ажил эрхлэх чадваргүй болсны үндсэн дээр ихэнх төлөв буюу бүхэлдээ шүүгч нараас бүрдсэн сахилгын баг хэрэгжүүлэх учиртай. Эдүгээ шүүгч нарыг ажилд томилох, дэвшүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах, бүрэн эрхийн хугацаа, цалин хангамж ба шүүхийн санхүүжилттэй холбоотой хараат бус байдлын үндсэн баталгаа Монгол Улсад үндсэн хуулийн болон бусад хуулийн түвшинд бий болсон гэж үзэж болно. Тэгвэл шүүгчийн хараат бус байдлыг зөвхөн шүүхийн албан тасалгаанд бус амьдралынх нь бүх орчинд авч үзэх ёстой. Албан ажил мэргэжлийн хараат бус байдал, хувийн хараат бус байдал гэх зэрэг шүүгчийн хараат бус байх бүхий л бололцооны түвшинд судлах нь чухал. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой чиг үүрэг бүхий шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох баталгаа болдог тул ардчилсан нийгмийн аль ч үед анхаарлын төвд байдаг. Тийм ч учраас шүүгчид хууль зүйн мэдлэг, ур чадвар, туршлага төдийгүй ёс зүй, зан чанарын хувьд бусдаас хүлээн зөвшөөрөгдсөн байж, аливаа нөлөөллөөс ангид, хэнээс ч хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулж гагцхүү хууль, шударга ёсонд захирагдах учиртай.

1.2 Шүүхийн хараат бус байдлыг хангах нь

Монгол Улс нь шүүхийн шинэтгэлийг шилжилтийн үе буюу 1992 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 он хүртэл нэг л хуулиар шүүхийн зохион байгуулалт, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн захиргааны асуудлыг зохицуулж байсан. 2013 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийг баталж шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг илүү шинэчлэн хуульчилсан.  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар анхан шат, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлагыг нарийвчлан зааж, нэр дэвшигчийг шалгах арга, ажиллагаа болон шүүгчийг сонгон шалгаруулах тогтолцоонд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Мөн түүнчлэн шүүгчийг огцруулах, чөлөөлөх үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчныг бий болгон шинэчлэл хийсэн байна.

Гэсэн хэдий ч судалгаанаас үзэхэд шүүгчийн сонгон шалгаруулах ажиллагаа, шүүгчид тавигдаж буй шалгуур бодитой, обьектив болж чадаагүй, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг албан тушаалтан өөрийн үзэмжийн хүрээнд шийдвэрлэх бололцоо байсаар байна[6]. Мөн шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөлтийн үед Үндсэн хуулийн дагуу шүүгч хугацаагүй томилогдох зарчим зөрчигдөж, зарим шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, зарим шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүй шилжүүлэн томилсон тохиолдол гарсаар байгаа.[7]

Улс орон бүр шүүхийн бие даасан хараат бус байдлыг хууль тогтоомждоо хуульчлан зааж практик дээр хамгаалдаг байх шаардлагатай. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гаднын нөлөөлөл нь маш олон хэлбэртэй байдаг. Төр, засгийн албан тушаалтнууд эсхүл хэрэг маргааны оролцогч талуудын зүгээс тодорхой хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар шүүгчдэд тушаал заавар өгөх зэргээр шууд нөлөөлөх нь ч бий. Түүнчлэн нөлөөллийн шууд бус хэлбэрүүд ч байна. Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох оролцоог хязгаарлаж шүүгчийг хамгаалахын тулд төр засгийн зүгээс шүүгчдийг сонгох томилох дэвшүүлэх үнэлж дүгнэх хариуцлага тооцох тогтолцооны шударга ил тод байдлыг хангах хэрэг маргааныг хуваарилах тогтолцоог стандартчилах шаардлагатай. Шүүх хурлын процедур нь тогтсон дүрэм журмыг байнга хэлбэрэлтгүй дагаж мөрдөх байдлаар хууль дээдлэх ёсыг сахиж байх ёстой. Ял шийтгэл оноох, хариуцагч түүний өмгөөлөгчийг хамгаалах талуудын мэдээлэл авах болон хэрэгтэй танилцах тэгш эрхийг хангахтай холбоотой зааварчилгаа хамгаалалтыг бий болгох шаардлагатай. Эрх зүйн системийн гол зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах явдал байдаг бөгөөд шүүхийн томилгооны механизм нь энэхүү зорилгыг хангахад чухал нөлөөтэй гэж үзэж байна. Учир нь шүүгчийн үнэнч, шударга, хараат бус байдал нь шүүгчийг томилох механизмтай шууд холбоотой.

“Шүүгчийн сонгон шалгаруулалтын арга нь зохисгүй шалтгаанаар шүүгчийн томилгоог хийхгүй байх баталгааг хангасан байна”[8] гэсэн зөвлөмж, түүнчлэн Европын зөвлөлийн сайд нарын хорооноос гишүүн орнууддаа зөвлөсөн зөвлөмжид “шүүгчийн хувийн карьертэй холбоотой аливаа шийдвэр, шүүгчийн сонгон шалгаруулалт нь мерит зарчим болон мэргэшсэн байдал, шударга чанар, ур чадвар, ажлын үр дүн зэрэг бодит шалгуурт тулгуурлах ёстой”[9] гэсэн дүгнэлт манай улсад ач холбогдолтой бөгөөд үүнийг хэрэгжүүлж ажиллах нь маш чухал байна.

 Хоёр. Шүүх, шүүгчийн хараат бус байдалд авлига нөлөөлөх нь

Монгол Улс Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын гишүүн орны хувьд авлигын хэргийг мөрдөн шалгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор халдашгүй байдлыг тэнцвэртэй хэрэглэх үүрэг хүлээсэн болно. Уг конвенцыг 2006 онд соёрхон баталсан тул дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил заавал мөрдөх эрх зүйн акт юм. Сүүлийн жилүүдэд Дээд шүүхийн болон дагнасан шүүхийн шүүгчид авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэх болсонтой холбоотойгоор халдашгүй байдлын агуулга тодорхой хэмжээнд хөндөгдөх болсон. “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчдад албан үүргээ гүйцэтгэхэд нь туслах зорилгоор олгож байгаа халдашгүй байдлыг шаардагдах хамгаалалтаас хэтрүүлэн хэрэглэж байгаа нь тус конвенцын дагуу гэмт хэрэгт тооцогдох хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна.[10]” гэжээ.

Шүүхийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох нь хууль дээдлэх ёс, шударга шүүхэд хандах боломжоор хангах чухал ач холбогдолтой. Шүүх тогтолцоон дахь авлига нь хэрэг, маргаанд оролцогч талуудын эрхийг хөнддөгөөс гадна эрх зүйн тогтолцооны суурийг ганхуулж, улс орны засаг захиргаа, эдийн засгийг бүхэлд нь өндөр түвшний авлигыг бий болгодог. Авлига нь орон нутгийн шүүхээс эхлээд бүх шатны шүүх, түүнчлэн Шүүхийн Ерөнхий зөвлөл хүртэл улс орны хэмжээнд шүүх засаглалын бүхий л үе шатад нөлөөлдөг. Шүүх засаглал дахь авилга нь олон хэлбэртэй байдаг ч тэр болгонтой тэмцэхийн тулд төр засаг, шүүх тогтолцооны зүгээс батлан хэрэгжүүлж болох хууль зүйн болон арга зүйн шинжтэй хамгаалах арга хэрэгсэл маш олон бий.

2.1. Шүүх засаглал дахь авлигын шалтгаан ба хэлбэрүүд

Шүүх засаглал дахь авлига нь авлига гэх ерөнхий утгаараа ихээхэн төвөгтэй үзэгдэл. Асуудлыг шууд өдөөдөг анхан шатны шалтгаан, тогтолцооны түвшинд оршиж, асуудлыг бүхэлд нь тодорхой болгодог авлига бий болох боломжийг олгодог суурь шалтгаануудыг ялгаж зааглаж үзэх нь зүйтэй юм. Шүүгчид, шүүхийн ажилтнуудын цалин бага, олон нийтийн мэдээлэл авах эрх хязгаарлагдмал мэргэжлийн ур чадвар сул, хууль тогтоомжийн зохицуулалт тодорхойгүй байх зэрэг нь авлигын анхан шатны шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр засаглалын эрх мэдлийг салгаж зааглаагүй, институциуд нь сул, шүүхийн шийдвэр гаргах эрх мэдлийг хэрэгжүүлж буй байдалд үр нөлөөтэй хяналт тавьдаггүй, хууль сахиулалт хангалтгүй байх зэрэг нь шүүх тогтолцоонд авлигыг нөхцөлдүүлж байгаа үндсэн шалтгаануудын жишээ юм. Шүүх тогтолцоонд нөлөөлөх авлигын шинжтэй үйлдлийг янз бүрийн түвшний гүйцэтгэх засаглалын гишүүд зэрэг хэд хэдэн төрлийн оролцогчдын зүгээс гаргаж болно. Шүүх тогтолцоон дахь авлигын нэг хэлбэр болох шууд, эсвэл гуравдагч талын оролцоотойгоор дамжин хийгдэх зохион байгуулалттай гэмт хэрэг нэн хор хөнөөлтэй байдаг. Иймэрхүү хүчирхэг бүлгүүд буюу талуудаас гадна тодорхой хэргийн шийдвэрт нөлөөлөх гэсэн энгийн иргэд хээл хахуульд холбогдох шалтгаан болдог.

Шүүх тогтолцоон дахь авлига нь шүүгч, шүүхийн албан тушаалтнууд төсвийн өмч хөрөнгийг хувьдаа завших, эсхүл танил тал харж улс төржсөн томилгоо хийх зэрэг янз бүрийн хэлбэрээр илэрч болно. Шүүх засаглал дахь авлига нь төсвийн хөрөнгө мөнгийг шамшигдуулах бизнесийн эсхүл улс төрийн дэмжлэг туслалцаа авсны хариуд томилгоо хийх зэргээр үл хязгаарлагдах ба тодорхой нэг талын ашиг сонирхолд нийцүүлж шүүхийн шийдвэр гаргах зорилгоор хуулийг зүй бусаар ашиглахыг дэмждэг байна. Түүнчлэн шүүгчид албан тушаал ахих тэтгэмж тэтгэлэг шагнал урамшуулал хүртэх боломжоо нэмэгдүүлэхийн тулд аливаа шийдвэрийг засгийн газрын эрх ашигт нийцүүлж гаргах нь бий.[11]

2.2 Шүүх засаглалын авлигыг илтгэх үзүүлэлтүүд

Илтгэх үзүүлэлтүүд нь гол төлөв шүүх чиг үүргээ хэр үр нөлөөтэй хэрэгжүүлж байгаа болон хэрэг маргааныг шийдвэрлэсэн байдал нь эрх зүйн хөдөлшгүй үндэслэлд тулгуурласан эсэхийг хэмжих зорилготой байдаг. Үүнд шийдвэрлэлтийн хугацаа алдсан байдал буюу хэргийг хуульд заасан шалгах тодорхой хугацаанд шийдвэрлэсэн эсэх, нотлох баримтыг үл хэрэгсэх, тодорхой гэрчүүдийг хэрэгт оролцуулаагүй байх, дуудаагүй байх, танил тал харах зэргийг дурдаж болно. Шүүх засаглал шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх, эсхүл түүнийг үл ойшоох зэрэг нь гүйцэтгэх засаглалын зүгээс шүүх засаглалын хараат бус бие даасан байдлыг хүндэтгэн үзэж буй эсэхийг илэрхийлдэг тул шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй болон үл ойшоохтой холбоотой тоон мэдээг ашиглах хэрэгтэй. Өөр нэг хэрэгцээт үзүүлэлт нь шүүгчийн эсрэг гаргасан сахилгын хэргүүдийн тоо, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал юм. Цөөн тооны хэргүүд дээр халдашгүй байдлын асуудал хөндөгдөж магадгүй. Гэвч илүү өргөн хүрээнд авч үзэхгүй бол авлига оршин байгаа эсэхийг ямар ч үзүүлэлт тодорхой зааж өгч чадахгүй.[12]

2.3 Шүүх засаглалын материаллаг байдал

Шүүхийн дэд бүтэц болон цалин хөлсийг зохистой хэмжээнд санхүүжүүлэх нь шүүхийн тогтолцоон дахь авлигаас урьдчилан сэргийлэх үндсэн хүчин зүйлүүдийн нэг юм. Шүүгчдийн цалин нь нөлөөллөөс ангид, хараат бус байлгах хэмжээнд хангалттай байх шаардлагатай[13]. Шүүхийн санхүүжилт хангалтгүйгээс хээл хахууль бий болох хөрөнгө завших эрсдэл нэмэгддэг. Түүнчлэн төр засгийн зүгээс нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоотой аюултай хэргийг шийдвэрлэж байх үед шүүхийн байр болон шүүгчдийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалж чадаагүйгээс шүүгч өмгөөлөгчид аюул заналхийлэлд өртдөг нь их. Үүний нэгэн адил санхүүжилтгүй шүүхийн тогтолцоо авлигын хэргийг цаг тухайд нь бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй билээ.

Шүүгч шүүхийн албан тушаалтнуудад хангалттай хэмжээний цалин хангамж олгохын чухлыг олон улсын дийлэнх стандартад тусгасан байдаг. Шүүгчдийн цалин нь тэднийг зүй бус нөлөөллөөс ангид, хараат бус байлгах хэмжээнд хангалттай байх шаардлагатай. Шүүгч шүүхийн ажилчдын цалин тэтгэвэр нь тэдэнтэй ижил түвшний дадлага туршлагатай мэргэшсэн албан тушаалтантай харьцуулахад боломжийн хэмжээнд байх ёстой. Шүүгчийн цалин хангамж амьдралд хүрэлцэхүйц байх нь тэдний хараат бус байдалд чухал байдаг. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна”[14] гэжээ. Мөн уг хуулийн 23 дугаар Шүүгчийн эдийн засгийн баталгааг хуульчилж өгсөн байна.

Хуулийн эдгээр заалт үйлчилж эхэлснээр шүүгчдийн цалин хангамж өмнөх үеийнхтэй харьцуулбал ойролцоогоор 1.5-2 дахин нэмэгдсэн. Шүүхийн санхүүжилт нь шүүхүүд тогтолцооны хувьд бие даасан байхад чухал ач холбогдолтой билээ. Шүүхийн үйл ажиллагааг санхүүжүүлэх тогтолцоог Үндсэн хуулийн түвшинд бэхжүүлсэн байдаг. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийг төсвөөс санхүүжүүлнэ гэж мөн заасан байдаг. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 28.2 дугаар зүйл заасны дагуу шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн төсөв нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна. Дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төсвийн төслийг Улсын Их Хуралд шууд өргөн барьдаг болсон үеэс хойш улсын төсөвт эзлэх шүүхийн төсвийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Монгол Улсын төсөвт шүүхийн төсвийн эзлэх хувь 1997 оноос хойш ойролцоогоор 0.39-0.48 орчим хувьтай хэлбэлзэж ирсэн[15].

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан Монгол Улсын шүүхийн 2015 оны тайлангаас үзэхэд шүүхэд хуваарилсан төсвийн хэмжээ 2013 онд улсын нэгдсэн төсвийн 0.65 хувь, 2014 онд 0.85 хувь, 2015 онд 0.82 хувь болж нэмэгдсэн байна. Түүнчлэн 2016 онд шүүхийн төсвийг 3.9 тэрбум төгрөгөөр бууруулах заалт бүхий төсвийн тодотголын тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж байв. Эдгээр оролдлого хэрэгжвэл шүүхийн эдийн засгийн хараат бус байдлын талаар Үндсэн хууль, холбогдох бусад хуулиар тогтоосон баталгаа ямар нэг байдлаар алдагдахад хүрэх аюултай. Шүүхийн эдийн засгийн баталгааг аль болох хөндөхгүй байх нь төрийн үүрэг мөн. Шүүхийн бие даасан байдал, шүүгч нарын хараат бус байдлыг бэхжүүлэх талаар Монголын төр дорвитой алхам хийж, дэлхий нийтийн жишигт нийцсэн байдлаар хуульчлан тогтоосон боловч хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна[16].

2.4 Шүүгчийг сонгох, томилох

Шүүгчдийг сонгох, томилох тогтсон аргачлал улс орон бүрт шүүх тогтолцоо болгонд харилцан адилгүй байдаг ба тэдгээрийн дунд шатлан захирах ёс байдаггүй. Тухайн улс шүүгчийн томилгоонд ямар ч аргыг хэрэглэсэн бай, энэ нь ил тод, олон нийтийн хяналт дор явагдах ёстой. Шүүхийн томилгоонд ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгох нь шүүхэд ажиллах хамгийн чадвартай хүнийг сонгох,  шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг олж авахад тэргүүн зэргийн ач холбогдолтой. Гадны нөлөөнд автаагүй ил тод процесс нь хамгийн ур чадвартай шүүгчийг шилж сонгох боломжийг олгодог.

Манай улсад Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн дагуу шүүгч нарыг тэтгэврийн нас хүртэл нь томилдог. Шүүгч нарын ажил үүргээ гүйцэтгэх хугацаа нь төрийн албан тушаалтан, намын дарга нар, дээд шатны шүүгч нар, түүнчлэн төр засгийн өөрчлөлтөөс үл хамарна. Хуулийн эдгээр заалтаас үзвэл шүүгчийн бүрэн эрхийн хугацаа хуулиар хамгаалагдсан нь харагдаж байна. Гэхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулийн дагуу тухайн үед ажиллаж байсан давж заалдах болон анхан шатны шүүхийн бүх шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан шүүхэд нь дахин томилох саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид тавьсан ч Ерөнхийлөгч шүүгчдийг тойргийн шүүхэд нь дахин томилсон зарлигийг гаргахдаа нийт 409 шүүгчээс 397-г томилж, 12 шүүгчийг томилоогүй үлдээсэн. Энэ байдал 2015 оны Шүүх байгуулах тухай хуулийн дагуу хийгдсэн томилгоонд дахин давтагдаж мөн л нэг шүүгчийг томилохгүйгээр албан тушаалаас нь огцруулжээ. Ийнхүү огцруулахдаа эдгээр шүүгч нарт огт мэдэгдээгүй, ямар үндэслэлээр томилоогүй нь тодорхойгүй байжээ. Тодорхой бус шалтгаанаар дахин томилогдоогүй шүүгч нар болон Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, мөн Үндсэн хуулийн цэцэд хандсан боловч одоог хүртэл ямар нэгэн арга замыг олоогүй байгаа тул энэхүү жишээг дурдах нь зүйтэй. Уг нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгчдийг Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулахаас бусад тохиолдолд албан тушаалаас нь огцруулахаас хамгаалдаг. Энэхүү тогтолцоо нь 2000 оноос хойш бодит үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд авлигын асуудал гарсаар байгаа боловч төрийн албан хаагчийн зохисгүй үйлдлийг хязгаарлах чадвар тодорхой хэмжээнд бүрдсэнийг харуулж байна.

Гэхдээ шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт ийм байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй байгаа тул Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт шүүгч нарыг дур зоргоор огцруулахаас хангалттай хамгаалалт болж чадахгүй байна. Шүүгчийн ажилд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг Үндсэн хуулийн болон хуулийн түвшинд хориглож огцруулахгүй байх аргыг хуульд тодорхой нарийвчлан заах нь чухал юм.

2.5 Шүүгчийн Ёс зүйн дүрэм

Шүүгчийн ёс зүйн дүрэм нь шүүгчийн хүлээх үүрэг хариуцлага болон ёс зүйн хэм хэмжээний талаарх тусгай зохицуулалтыг агуулж байх ёстой. Хуульд зааснаар, шүүгч нараас сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий Ёс зүйн хороог нэр хүндтэй хуульч нар (гол төлөв шүүгч нар)-ын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах ёстой. Шүүхийн ерөнхий шүүгч нь холбогдох шүүхийг тэргүүлэх боловч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, энэхүү ажиллагаатай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглодог[17].

Харин Банглорын зарчимд үр ашиг бүхий хэд хэдэн нэмэлт хамгаалалтыг ёс зүйн дүрэмдээ оруулж өгсөн байдаг ба  эдгээрээс дурдвал шүүгчийн өөрийнх нь болон гэр бүлийнх нь санхүүгийн ашиг сонирхол шийдвэрлэх гэж буй хэрэг, маргаанд холбогдсон эсэх талаар нягтлан шалгах тодорхой мэдлэг чадвар эзэмшихийг шүүгчдэд уриалдаг. Шүүгчид өөрийн ажилтнууддаа аливаа бэлэг хүлээн авахыг зөвшөөрч болохгүй. Бангалорын зарчмууд мэргэжлийн болон хувийн харилцаандаа бусдад ялгавартай хандах өчүүхэн төдий ч хандлага гаргаж болохгүйг шүүгчдэд зөвлөдөг[18]. Европын орнуудад шүүгчдийг улс төрийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласнаас гадна багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусад хэлбэрээр орлого олох аливаа үйл ажиллагааг хориглодог байна[19].

Дүгнэлт

Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг найдвартай хангах нь түүний  төвийг сахисан байр суурийг хадгалах гол түлхүүр билээ. Мөн шүүх бие даасан байх нь ард иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг бодитой хамгаалах хамгийн хүчирхэг механизм шүүх эрх мэдлийн эрх зүйн баталгаа болж өгдгөөрөө ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн шүүхийн байгууллага нь хараат бус байдлаа хэзээд хадгалж байхын сацуу ил тод байж үйл ажиллагаандаа хариуцлага хүлээдэг байх ёстой. Үүний дотор авлигаас урьдчилан сэргийлж, авлигыг таслан зогсоохын тулд шүүхийн байгууллага, шүүгчид, түүний албан хаагч, шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шүүх засаглалыг авлигаас хамгаалах нь нэн чухал. Шүүх дэх авлигын эсрэг тэмцэл нь засаглалын нэг салаа мөчрийг амжилттай байлгахаас илүү өргөн хүрээний зорилго агуулгатай. Шүүх засаглал нь нийт улс орны хэмжээнд авлигын хамгийн чухал хамгаалалт болдог. Хангалттай санхүүтэй хараат бус хариуцлагатай шүүх нь засаглалын бусад салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх хариуцлага хүлээлгэх гол хэрэгсэл юм. Аливаа хэргийг шударга, үндэслэлтэй шийдвэрлэх нь шүүхийн гаднах этгээдийн үйлдэж болзошгүй авлигыг илрүүлж, таслан зогсоож чадна.

Улс орнууд авлигыг тодорхойлж, хэмжих механизмтай байхаас гадна авлигажсан үйлдлийг шийтгэх тогтолцоог бүрдүүлэх ёстой. Ийм тогтолцоо нь хараат бус, нөлөөнд үл автах байдлаар хэрэгжих эрх зүйн зохицуулалтад үндэслэх учиртай. Мөн шүүхийн албан тушаалтнууд шүүгчид авлигад өртөх автах эрсдэлийг бууруулах үүднээс шүүх нь хууль сахиулахаас гадна хангалттай хэмжээний санхүүжилттэй байх шаардлагатай. Үүний гол эрх зүйн үндэс нь Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл гэсэн Дөрөвдүгээр бүлэгт хэрхэн тусгаснаас шалтгаалж бусад салбар хуулиудад өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой.

Энэхүү сэдэмжид хамгийн их хөндөгдөж байгаа асуудал буюу шүүгчдийн бие даасан байдалд авлига нөлөөлөх, шүүгчдийг сонгон шалгаруулах асуудалд авлига нөлөөлөх боломжтой байгааг дурдсан тул үүнээс гарах арга замууд бол:

Шүүгчийг сонгон шалгаруулах болон томилох шийдвэрийг шүүхийн байгууллага өөрөө гаргадаг байх, эсхүл тодорхой тооны шүүгчдээс бүрдсэн хараат бус байгууллагаар гаргуулбал зохистой байдаг. Хараат бус байгууллагын шүүгчдийн бүрэлдэхүүнд зөвхөн дээд шатны бус бусад шатны шүүхийн шүүгчид ч мөн хамрагдах ёстой. Шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үйл явцыг нээлттэй ил тод явуулж нэр дэвшигчийг нууц санал хураалтаар тодруулна. Сонгох, томилох эрх бүхий байгууллагад тавих хяналтыг нэг хүний гарт төвлөрүүлэх ёсгүй, мөн сонгох, томилох үйл ажиллагааг шүүх засаглалын тодорхой хэмжээний оролцоогүйгээр гүйцэтгэх, эсхүл хууль тогтоох засаглал удирдан явуулах нь авлигад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул үүнээс зайлсхийх.

Шүүгчийг гадны нөлөөлөлд өртөх байдалд тулгуурлан томилох эрсдэлийг бууруулахын тулд шүүгчийг сонгох, томилох тусгай шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож мөрдөх шаардлагатай юм. Тэдгээр шалгуур үзүүлэлтүүдэд ёс зүйтэй, шударга байх, хараат бус байх асуудлыг онцлон тусгах хэрэгтэй. Үүний нэгэн адилаар шүүгчийг томилох шийдвэрийг шүүгчийн ур чадвар, туршлага, нөлөөнд үл автах чадавхад нь тулгуурлан гаргаж байхыг шүүгчийн сонгон шалгаруулалт болон томилгоог зохицуулдаг хууль тогтоомж эрх зүйн актад онцлон тусгах нь зүйтэй юм.

Ашигласан эх сурвалж:

 

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992/
  • Монгол Улсын шүүхийн тухай хууль /2012/
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012/
  • Шүүхийн захиргааны тухай хууль /2012/
  • Дэлхийн улсуудын шүүхийн тогтолцоо-2005, Улаанбаатар, Хууль зүйн үндэсний төв.
  • Европын шүүгчдийн ёс зүйн дүрэм-2011.
  • Шүүх засаглалын хараат бус байдлын үндсэн зарчмууд, 2013.
  • Бангалорын зарчмууд-2012
  • Шүүгчдийн олон улсын хороо хараат бус хариуцлагатай байдлын талаарх олон улсын зарчмууд-2007
  • Монгол Улсын 1992 оны Үндсэн Хуулийн Хэрэгжилтийн Байдалд Хийсэн Дүн Шинжилгээ-2016 /Улсын Их Хурал, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд ажилласан эрдэмтдийн багаас бэлтгэв./
  • Д.Солонго, “Шүүхийн захиргааны талаарх судалгааны тойм,” (УБ: Нээлттэй нийгэм форум, 2014)
  • Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал-Судалгааны тайлан /2016/. Нээлттэй нийгэм форум. Дугаар 18.
  • Шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлын тухай Үндсэн хуулийн эрх зүйн үндэслэл-Улсын дээд шүүхийн шүүгч Л.Бямбаа-Монгол Улсын Үндсэн хуулийн цэц-илтгэлийн эмхэтгэл-2007
  • legalinfo.mn
  • supremecourt.mn
  • unodc.org
  • u4.no
  • osce.org
  • transparency.org

[1] Монгол улсын 1992 оны үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ-/2016/-Шүүх эрх мэдэл 110 дахь тал

[2] Монгол улсын 1992 оны үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ-/2016/-Шүүх эрх мэдэл 113 дахь тал

[3] Улсын дээд шүүхийн шүүгч Л.Бямбаа-Монгол Улсын Үндсэн хуулийн цэц-илтгэлийн эмхэтгэл /2007/-Шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлын тухай Үндсэн хуулийн эрх зүйн үндэслэл. 68 дахь тал

[4] Улсын дээд шүүхийн шүүгч Л.Бямбаа-Монгол Улсын Үндсэн хуулийн цэц-илтгэлийн эмхэтгэл /2007/-Шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлын тухай Үндсэн хуулийн эрх зүйн үндэслэл. 68 дахь тал

[5] Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн судалгаа, мэдээллийн төв, Олон Улсын онол-практикийн бага хурлын илтгэлийн эмхтгэл-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүхийн захиргааны үүрэг, тулгамдсан асуудлууд-/2014/, 22 дахь тал

[6] Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал-Судалгааны тайлан /2016/ Нээлттэй нийгэм форум. Дугаар 18.

[7] Монгол улсын 1992 оны үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ-/2016/-Шүүх эрх мэдэл 114 дахь тал

[8] НҮБ-ын Шүүхийн байгууллагын хараат бус байдлын талаарх үндсэн зарчмуудын 10 дахь хэсэгт http://www.unodc.org/unodc/en/treaties холбоосоор үзнэ үү.

[9] Шүүгчийн үүрэг болон ажлын бүтээмж, хараат бус байдлын тухай европын зөвлөмж http://www.unodc.org/unodc/en/treaties холбоосоор үзнэ үү.

[10] “Монгол Улсын тайлан” (НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, 2011) 5-8 дугаар тал.

[11] Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /2016/, Авлигатай тэмцэх гарын авлага-185 дахь тал

[12] Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /2016/, Авлигатай тэмцэх гарын авлага-186 дахь тал

[13] Киевийн зөвлөмж 13 дугаар заалт /2014/ http://www.judge.mn/home/view/?id=313 холбоосоор үзнэ үү.

[14] Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1 дүгээр зүйл

[15] Д.Солонго, “Шүүхийн захиргааны талаарх судалгааны тойм,” (УБ: Нээлттэй нийгэм форум, 2014)

[16] Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал-Судалгааны тайлан /2016/ 4-5 дэх тал.

[17] Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.

[18] Банглорын зарчимууд 4.1, 4.7, 4.15 дугаар заалт, Европын хүний эрхийн шүүх, Польш 2012 оны 1 дүгээр сарын 10-ны шүүхийн шийдвэрийг үз. 35-38 дугаар хэсэг.

[19] Европын шүүгчдийн ёс зүйн дүрэм 1.7 дугаар заалт, Шүүх засаглалын хараат бус байдлын үндсэн зарчмууд 8-9 дүгээр заалт.