Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр
/2017.06.30/ Англи орчуулга
Нэг. Үндсэн бүтцийн тухай ухагдахуун, онолын асуудал.
Үндсэн хууль бол аливаа орны гол хууль төдийгүй улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хууль мөн. Энэ ч утгаараа Үндсэн хуулийн тогтвортой байдал нь төрийн тогтвортой байдлын үндэс болдог.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь аль ч орны хувьд байдаг зүйл боловч нэмэлт, өөрчлөлт бүхэн Үндсэн хуулийн чанар чансааг сайжруулдаг гэж үзвэл хараахан тийм биш ажээ. АНУ-ын Чикагогийн Их сургуулийн профессор Росалинд Диксон “Нэмэлт, өөрчлөлт гэдэг үг нь туршлага болон улс төрийн ойлголтын өсөн хуримтлагдсан мэдээллийн хүрээнд зөвхөн дахин засах, сайжруулах гэдэг утгыг л илэрхийлдэг юм”[1] гэжээ. Гэтэл дээр дурдсанчлан нэмэлт, өөрчлөлт болгон өмнөх зохицуулалтыг сайжруулдаггүй учраас үүнээс улбаалан зарим улс оронд гол хуулийнхаа суурь үзэл баримтлалыг хамгаалах зорилготой Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол яригдаж ирсэн нь манай улсын хувьд Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны нэн шинэ чиглэлийн нэг хэмээн үзэхэд хүргэж байна.
Олон орны Үндсэн хуульд тухайн Үндсэн хуулийн суурь болон гол шинжийг агуулсан зарчмууд туссан байдаг. Эдгээр зарчмыг анхаарлын төвдөө байнга байлгаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулиар хүчингүй болгож болохгүй гэж үздэг байна. Аль ч Үндсэн хуульд хэзээ ч өөрчилж үл болох гол гол зарчмууд байдаг гэдэг үзэл санааг Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн номлол гэдэг. Үндсэн бүтцийн номлолын хамрах хүрээ маш тодорхой бөгөөд энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөж болохгүй гэж заасан Үндсэн хуулийн заалтууд юм.
Энэ номлол нь 20 дугаар зууны дунд үеэс үүсэлтэй шинэ үзэл санаа гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг бөгөөд Энэтхэгийн Голак Натхын[2] хэргийг шийдвэрлэх явцад нэрт өмгөөлөгч М.К.Намбиар энэхүү номлолыг анх томъёолжээ. Тэрээр профессор Диетрич Конрадын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийн нуугдмал хязгаарлалтын тухай лекцийг сонсоод үндсэн бүтцийн тухай санааг олсон гэж үздэг юм.[3] Энэтхэгийн Дээд шүүхийн шүүгч Ж.Р.Мүдолкар Энэтхэгийн эрх зүйн системд шуугиан тарьж байсан Сажан Сингхийн хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ номлолыг хүлээн зөвшөөрсөн гэж үздэг байна.
Манай улсын эрдэмтэн, судлаачдын дунд Үндсэн хуулийн үндсэн бүтцийн асуудлаар хөндөн бичсэн судалгаа, шинжилгээний ажил одоогоор тун ховор байна.
Хоёр. Монгол Улсад Үндсэн хуулийн үндсэн бүтэц бий болсон нь.
Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд оруулсан 7 өөрчлөлт, түүнийг тойрон өрнөсөн олон жилийн маргаан, мэтгэлцээний явцад юуны түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар журмаар хийх ёстой вэ гэдгийг тусгайлсан хууль гарган зохицуулж өгөх нь зүйтэй гэдэг дээр хууль тогтоогчид болон судлаачид 2010 оны үед үндсэндээ санал нэгдсэн юм. Ингээд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн төслийг 2010 оны эхээр боловсруулж уг хуулийн төслийг Улсын Их Хурал мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуульчлан баталсан байна. Ийнхүү “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай”[4] хууль батлагдсанаар манай эрх зүйд “Үндсэн хуулийн үндсэн бүтэц” хэмээх нэр томъёо шинээр бий болсон гэж үзэж болно.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн бүлэг зүйл, хэсэг, заалтад байхгүй шинэ томъёоллоор зохих бүлэгт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуулийн нэмэлт гэх бөгөөд тэр нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байна” гэж заагаад Үндсэн хуулийн үндсэн бүтэц гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ гэдгийг уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалтаар тодорхойлсон байна. Уг заалтад “Үндсэн хуулийн Нэг, Хоёр, Гурав, Дөрөвдүгээр зүйл, Тавдугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөв, Арван тав, Арван ес, Хорьдугаар зүйл, Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэг, Дөчин долдугаар зүйл, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран найм, Жаран есдүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэж заасан юм. Өөрөөр хэлбэл энэ зүйлд заасан Үндсэн хуулийн зүйл, хэсэг, заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтцийн бүрэлдэхүүн гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дээрх заалтыг Үндсэн хуулийн хүчин чадалтай заалт гэж үзэх нь онолын хувьд илүү тохиромжтой мэт санагдана. Учир нь Үндсэн хуульд байгаа хэзээ ч өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтын талаар нилээд улс орнуудад Үндсэн хуульдаа өөрт нь тусгасан байдаг тухай дээр дурдсан билээ.
Гэтэл “нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэсэн энэ заалтад 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Үндсэн хуулийн үндсэн бүтцээс хассан байна. Чухам юуны учир дээрх дөрвөн зүйл, хэсгийг Үндсэн хуулийн үндсэн бүтцээс хассан тухай авч үзэхээс өмнө[5] чухам ямар заалтууд Үндсэн хуулийн үндсэн бүтцийн бүрэлдэхүүнд хамаарч байгаа тухайд тоймлон авч үзье.
Монгол Улсын бүрэн эрхт байдлыг тунхагласан Нэгдүгээр бүлгээс Үндсэн хуулийн Нэг /Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн./, Хоёр /1.Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. 2.Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана./, Гурав /1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. 2.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно./, Дөрөвдүгээр зүйл /1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. 2.Монгол Улсын хилийг хуулиар бататгана. 3.Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно./, Тавдугаар зүйлийн 1-4 дэх хэсэг /1.Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. 2.Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 3.Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. 4.Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна./, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг/1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна./, Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг/1.Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн./, Есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг /2.Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй./, Аравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /1.Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна. 2.Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ./, Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг /1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн./-ийг Үндсэн хуулийн үндсэн бүтцэд оруулсан байна.
Харин хүний эрх, эрх чөлөөг тунхагласан хоёрдугаар бүлгээс зөвхөн Арван дөрөвдүгээр зүйл /1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна./, Арван тавдугаар зүйл /1.Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно. 2.Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно./, Арван есдүгээр зүйл /1.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. 2.Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө. 3.Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй./-ийг Үндсэн хуулийн үндсэн бүтцэд оруулж Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг үлдээсэн байна.
Монгол Улсын төрийн байгууллын зарчмыг тогтоосон гуравдугаар бүлгээс Хорьдугаар зүйл /Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална./, Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг/1.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ./, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг/1.Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн./, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг /1.Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн./, Дөчин нэгдүгээр зүйл /1. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.2.Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана./, Дөчин долдугаар зүйл/1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2.Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3.Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна./, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дугаар хэсэг /1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. 2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй./-ийг уг бүтцийн нэг бүрэлдхүүн хэсэг болон авч үзжээ.
Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг хуульчилсан хоёр заалт болох Жаран наймдугаар зүйл /1.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. 2.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна./, Жаран есдүгээр зүйл /1.Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална. 2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралд хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй. 3.Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. 4.Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна./-ийг бүхэлд нь Үндсэн хуулийн үндсэн бүтцэд оруулан баталсан байна.
Үндсэн хуулийн үндсэн бүтцийг ийн тогтоохдоо нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бөгөөд байнга тогтвортой байх ёстой хэмээн үзэж өргөн утгаараа Монгол Улсын Үндсэн хууль нь улс орны гол хуулийн хүчин чадлаа алдахгүй байж нийгмийн харилцааны үндсийг тогтвортой тодорхойлж байх ёстой гэсэн зарчмыг баримталсан байна гэж үзэж болох юм. Гэхдээ яагаад, ямар шаардлагын үндсэн дээр Үндсэн хуулийн үндсэн бүтцээс Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хассан болохыг хуульчид, судлаачид судалж үзэн хууль тогтоогчийн санаа зорилгыг мэдэх нь чухал юм.
Энэхүү сэдвийг зориглон, чадан ядан хөндсөн миний ажиглалтаар бол Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага…” хэмээн заагаад Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн…” гэж тус тус заасан байгаа бөгөөд энэ нь төрийн дээд эрхийн ялгаа зааг нь юу болох, аль нь алийгаа захирах гэх мэт асуудлаар цаашдаа улам гүнзгий зөрчил үүсэх магадлал байгааг ажиглан засаглалын хуваарилалтыг дахин авч үзэх, хяналт тэнцлийн харьцааг шинээр тогтоохоор тооцсоны улмаас эдгээр заалтыг үндсэн бүтцээс хассан байх талтай байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд шинээр нэмсэн 5 дугаар зүйлийн 5.3.3, 5.3.4 дэх заалт, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаас үзэхэд энэ нь улам тодорхой болж байна.
Харин Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан байгаа бөгөөд үүнээс “төрийн зохицуулалт” гэсэн ойлголтыг сүүлийн үед судлаачдын дунд өргөн яригдах болсон Үндсэн хуулийн эдийн засгийн онолын хүрээнд улам тодорхой, ойлгомжтой томъёолох шаардлагатай гэж үзсэнтэй холбоотой гэж ойлгож байна.[6]
Гурав. Үндсэн бүтцийн номлолын олон улсын практик
Үндсэн бүтцийн номлол нь олон улсын практикт хоёр гол арга замаар хөгжиж байгаа бөгөөд энэ нь нэгдүгээрт хууль тогтоох замаар, хоёр дахь нь Үндсэн хуулийн шинжтэй маргааныг хянан хэлэлцэх явцдаа Үндсэн хуулийн шүүх, эсхүл энэ төрлийн дагнасан шүүхгүй оронд Дээд шүүхээс жишиг тогтоосон шүүхийн шийдвэр гаргах замаар хэрэгждэг байна.
Дэлхийн олон улс оронд өөрийн орны түүхэн уламжлал, соёл, үнэт зүйлээсээ шалтгаалан төрөл бүрийн зарчмыг Үндсэн хуулийнхаа үндсэн бүтцэд багтаасан байдаг бөгөөд Алжир[7], Индонез[8], Итали[9], Румын[10], Турк[11], Францад[12] Бүгд найрамдах улсын зарчмыг хэвээр байлгах, Алжир, Ангол, Беларусь, Бразил[13], Доминикан, Итали[14], Катар, Казахстан[15], Хондурас[16], Португалд[17] засаглалын хуваарилалтыг тогтвортой хадгалах, Алжир, Ангол, АНУ, Бразил, Катар, Кувейт, Намиби, Португал, Румын, Украинд хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангаж, эрхэмлэн дээдлэх, Алжир, Ангол, Бразил, Казахстан, Хондурас, Румын, Франц, Украинд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, Алжир, Ангол[18], Беларусь, Бразил, Португал, Румынд олон намын болон сонгуулийн тогтолцоог тогтвортой байлгах зарчмыг тусгасан байна.
Түүнчлэн ардчилсан зарчим/Армян, Чех[19]/, эрх зүйт төр, хууль дээдлэх ёс/ Ангол, Чех/, олон хэвшил бүхий эдийн засгийн тогтолцоо/Португал/, шүүхийн бие даасан байдал/Ангол, Португал, Румын/, үндэсний эв нэгдлийн зарчим/Ангол/, төрийн уламжлалт чанарын зарчим/Ангол/, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим /Армян[20]/ зэрэг нь нилээд улсын Үндсэн хуулийн үндсэн бүтцэд тусгагджээ. АНУ, Энэтхэгийн Үндсэн хуульд шашингүйн үзэл санааг, Алжирт лалын шашинг төрийн шашин байлгах тухай заалтыг, Ангол, Португалд сүм, хийдийн бие даасан байдлыг хангах тухай заалтыг нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй заалт гэж үздэг бол харин Румынд улсынхаа хэлийг үндсэн бүтцэндээ тусгаж өгчээ.
Мөн тодорхой нөхцөлтэй холбогдуулан үндсэн бүтцийн заалтыг өөрчлөхгүй байхаар тусгасан улс орон ч байна. Люксембургэд Ванг орлох үед[21], Кувейтэд Емирийг орлох үед Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг хориглосон бол, Эстони болон Франц[22], Тайландад зөвхөн ард нийтийн санал асуулгаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох тухай заажээ. Харин Венесуелийн Үндсэн хуульд үндсэн бүтцийг эвдэж болохгүй гэж шууд заасан бол Португалийн Үндсэн хуульд Үндсэн хуулийн шүүхийн бие даасан байдлыг хангах тухай заалтыг үндсэн бүтэцдээ оруулсан байна.
Үндсэн хуулийн шүүх болон Дээд шүүхээс жишиг тогтоосон шүүхийн шийдвэр гаргах замаар Үндсэн бүтцийн номлолыг хэрэгжүүлэхдээ олон асуудалд хариу өгдөг нь сонирхол татдаг сэдэв юм. Жишээлбэл, хэдийгээр аль ч орны парламент нь хууль тогтоох бүрэн эрхтэй боловч ердийн хуулийг батлан гаргах эрх мэдэл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг багтаадаг эсэх асуудал нь зарим улсад маргаантай байдаг байна. Үндсэн хуульд тусгасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам нь зөвхөн процессын зохицуулалтын хэм хэмжээ гэж тэд үздэг бөгөөд харин парламентад эрх олгосон заалт биш юм гэдэг дээр санал нэгддэг ажээ.
Энэтхэгийн парламент аль ч орны парламентын адил хууль тогтоох эрхтэй боловч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй эсэх асуудлаар мөн маргаан үүсч байсан нь нэг жишээ юм. Энэтхэгийн Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд “хууль батлах эрхтэй” гэж заасан ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцааг зохицуулсан 368 дугаар зүйлийг нэмэлт, өөрчлөлт оруулах процессын зохицуулалт гэж үзээд парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхгүй гэсэн үндэслэл бүхий маргааныг Дээд шүүхийн шүүгч Субба Рао хууль тогтоох эрх мэдэл дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх багтана, парламент энэ эрхийг өөртөө хадгалдаг гэсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн үндсэн бүтцийн хөгжилд том алхам болжээ.[23]
Жишиг тогтоосон шүүхийн шийдвэр гаргах замаар Энэтхэгийн дээд шүүхээс Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих эрх болон эрх мэдэл хуваарилах зарчим,[24]ардчилал болон холбооны зарчим, төрийн шашингүй байх зарчим[25] мөн шүүхийн бие даасан байдал[26] зэрэг 20[27] орчим зарчмыг үндсэн бүтэцдээ оруулжээ.
Англо-Саксоны орнуудад жишиг тогтоосон шүүхийн шийдвэр гаргах замаар Үндсэн хуулийн үндсэн бүтцийн номлолыг хэрэгжүүлж байгаа нь харилцан адилгүй байдаг байна. Уг бүлд хамаардаг улс орнуудын хувьд Үндсэн хуулийн үндсэн бүтцийг үндсэндээ Энэтхэгийн загвараар гаргаж жишиг тогтоосон шүүхийн шийдвэр гаргах замаар бий болгодог практик нь зөвхөн энэ хүрээндээ бус улмаар Ром-Германы эрх зүйн бүлд багтдаг Аргентин, Колумб, Перу, Тайланд, Тайвань зэрэг улс болон Карибын орнуудад хязгаарлагдмал байдлаар тархжээ.[28]
Ер нь “сүүлийн хагас зуун жилд эрх зүйн англи-америкийн болон эх газрын эрх зүйн хэм хэмжээнүүд мэдэгдэхүйц хоорондоо ойртсон”[29] юм.
Аргентины Дээд шүүх Рио-гийн[30] хэргийг 1993 онд хэлэлцэхдээ Үндсэн хуулийн нэмэлтийг Парламент зөвхөн өргөн барьсан төслийн хүрээнд л авч хэлэлцэх ёстой гэж үзсэн бол Колумбын Үндсэн хуулийн шүүх С-551/03[31] дугаар хэргийг хэлэлцэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчилж болохгүй гэдэг шийдвэр гаргасан байна.
Перугийн Үндсэн хуулийн шүүх 2005 онд Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг авч хэлэлцэхдээ Үндсэн бүтцэд харшилсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох эрхтэй[32] гэдгээ зарлажээ.
Тайландын[33] Үндсэн Хуулийн шүүхээс ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой Үндсэн хуулийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинээр боловсруулан батлахыг хориглосон шийдвэрийг 2012 оны 7 дугаар сард гаргасан бол сонгуулийн тогтолцоонд пропорционал зарчим нэмсэн Үндсэн хуулийн нэмэлтийг Тайванийн[34] Үндсэн хуулийн Эрхэм Дээд шүүх сонгогдоогүй гишүүдээс Үндэсний Ассамблей бүрдэх боллоо гэсэн үндэслэлээр 499 дүгээр шийдвэрийг 2000 онд гаргажээ. Ийн шийдэхдээ Турк болон Германы Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг иш үндэс болгосон байна.
Харин Малайз[35], Сингапур[36], Шри Ланкад[37] Үндсэн хууль батлагддаг нөхцөл, арга зам өөр өөр байдаг бөгөөд парламент Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах хязгааргүй эрхтэй гэж тус тусын Дээд шүүх нь үздэг учир Үндсэн бүтцийн номлолыг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн судлаачид хэдийгээр тус улсын 1948 оны Үндсэн хуульд тухайлан заагаагүй боловч нэмэлт, өөрчлөлт оруулах эрхэнд хязгаарлалт хэрэгтэй гэж үздэг бол Японы тухайд төрийн тэргүүн-Эзэн хааны эрх мэдэлтэй холбоотой заалтууд, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх болон аливаа дайнд оролцохгүй энхтайванч байх зарчмыг Японы Үндсэн хуулийн гурван суурь зарчим[38] гэж үздэг ажээ.
Дөрөв. Дүгнэлт
Үндсэн хуулийн үндсэн бүтцийн номлол бол аливаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөхгүй байх улмаар улс орны гол хуулийг ийм төрлийн оролдлогоос хамгаалах зорилготой номлол юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урьд, өмнөх үеэс илүү өргөн хүрээнд яригдаж байгаа өнөө цагт энэхүү номлолыг судлах, бусад орны туршлагаас суралцах нь чухал ач холбогдолтой юм.
Энэхүү номлол нь нэгдүгээрт парламент өөрийгөө хууль тогтоох хязгааргүй эрхтэй гэж үзэж байсантай, хоёрдугаарт Үндсэн хуульд ойр, ойрхон олон нэмэлт өөрчлөлт оруулж байсантай, гуравдугаарт нэмэлт, өөрчлөлт болгон тухайн харилцааг сайжруулж байгаагүйтэй холбоотойгоор бий болсон байна.
Сүүлийн үед Үндсэн хуулийг тогтвортой байлгах зорилгоор, шаардлагагүй болон зохицуулалтыг дордуулсан нэмэлт, өөрчлөлтөөс хамгаалах үзэл санаа дэлхий нийтэд түгээмэл болж олон улсын энэ талын чиг хандлагыг “Үндсэн бүтцийн номлол”-ын зүг хэдийнэ эргэсэн[39] байна гэж эрдэмтэн, судлаачдын зүгээс дүгнэсэнтэй санал нэг байна. Энэ хандлага нь Үндсэн бүтцийн номлол нь Роско Паундын хэлсэн “Үндсэн хуулийн аргаар хийгдсэн Үндсэн хуулийн бус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт[40]”-өөс аливаа Үндсэн хуулийг хамгаалах чухал арга хэрэгсэл болж байгаагийн илрэл юм.
Манай улс Үндсэн хуулийн үндсэн бүтцийг тусад нь хууль гаргах замаар тогтоосон хэдий ч энэ арга замаар үндсэн бүтэцээ бий болгосон улс, орон тун цөөн байна. Олон улс орон үндсэн бүтцийн суурь зарчим болон заалтыг Үндсэн хууль дотроо, өөрт нь тусгасан байгаатай харьцуулж үзвэл манай Үндсэн хуулийн үндсэн бүтцийг бие даасан хуулиар тогтоосон нь үндсэн бүтцийг шилжилтийн шинжтэй болгосон байна гэж дүгнэж болохоор байна. Үндсэн бүтцийн энэхүү шилжилтийн шинж нь түүнийг хэврэг, парламентаас хийж болох нэмэлт, өөрчлөлтөд амархан өртөмтгий болгожээ. Энэ нь хууль тогтоогчдын зүгээс дээр дурдсан дөрвөн заалтыг хассан үйлдлээр нотлогдож байна. Тиймээс Үндсэн хуулийн үндсэн бүтцийг голлох цөөн хэдэн зарчмын хувьд томъёолон, тусгай заалт болгон Үндсэн хуульдаа өөрт нь тусгах нь зүйтэй байна. Учир нь үндсэн бүтцийн номлолын нэг зорилго бол парламентын зүгээс учирч болох улс төрийн шинжтэй халдлагаас Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар түүний үндсэн бүтцэд гэмтэл учруулах юм уу, улмаар дордуулах шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг хязгаарлах учиртай юм.
[1] Constitutional amendment rules: a comparative perspective, 2011, http://www.law.uchicago.edu/a
[2] Golaknath v. State of Punjab. AIR 1967 SC 1643.
[3] Yaniv Roznai. Unconstitutional Constitutional Amendments. 2014. London. 55 дахь тал.
[4] “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны №3-т нийтлэгдсэн
[5] Ишлэл 6-ыг үз.
[6] Ишлэл 5-ыг үз
[7] Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Үндсэн хууль. 1976. 176, 178 дугаар зүйл.
[8] Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хууль.1945. 37 дугаар зүйл.
[9] Бүгд Найрамдах Итали Улсын Үндсэн хууль. 1947. 139 дүгээр зүйл.
[10] Румын Улсын Үндсэн хууль. 1991. 148 дугаар зүйл.
[11] Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хууль. 1982. 4 дүгээр зүйл.
[12] Бүгд Найхамдах Франц Улсын Үндсэн хууль. 1958. 89 дүгээр зүйл.
[13] Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Үндсэн хууль. 1988. 60 дугаар зүйл.
[14] Бүгд Найрамдах Итали Улсын Үндсэн хууль. 1947. 139 дүгээр зүйл.
[15] Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль. 1995. 91 дүгээр зүйл.
[16] Бүгд Найрамдах Хондурас Улсын Үндсэн хууль. 1982. 374 дүгээр зүйл.
[17] Бүгд Найрамдах Португал Улсын Үндсэн хууль. 1976. 288 дугаар зүйл.
[18] Бүгд Найрамдах Ангол Ард Улсын Үндсэн хууль. 1992. 159, 160 дугаар зүйл.
[19] Бүгд Найрамдах Чех Улсын Үндсэн хууль. 1992. 9 дэх зүйл.
[20] Бүгд Найрамдах Армян Улсын Үндсэн хууль. 1995. 114 дүгээр зүйл.
[21] Люксембургийн Их Вант Улсын Үндсэн хууль. 1983. 115 дугаар зүйл.
[22] David Annoussamy. French Legal System. 1995. National Printing Press. 26 дахь тал.
[23] Харин манай улсын хувьд Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах…” гэж заасан нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын аль нь ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачлах Үндсэн хуулийн эрхтэйг зааж өгсөн байна.
[24] State of Bihar v.Bal Mukund Sah and Ors, AIR 2000 SC 1296
[25] S.R.Bommai v.Union of India, AIR 1994 SC 1918 at 1976
[26] Tribunals Cases
[27] Түүнчлэн Үндсэн хуулийн дээд хүчин чадлын, бүгд найрамдах улсын, иргэнлэг нийгэм байгуулах үзэл санааны, үндэсний нэгдмэл байдлын, зохицолдсон нийгмийн, тусгаар тогтнолын зэрэг зарчмын мөн Үндсэн бүтцэд оруулж тусгасан байна.
[28] Yaniv Roznai. Unconstitutional Constitutional Amendments. London. 2014.
[29] А.К.Романов. Их Британий эрх зүй болон эрх зүйн тогтолцоо. 2010. Форум хэвлэлийн газар. 17 дугаар тал. Ч.Даваадашийн орчуулга.
[30] ‘Rios’, [1994-C] L.L. 46,48. Давхар ишлэв.
[31] Sentencia 551/03, 09.07.2003. Давхар ишлэв.
[32] Opinion No. 050-2004-AI/TC. Давхар ишлэв.
[33] Limsamarnpun (2012); Yoon (2012); Johnson (2012). Давхар ишлэв.
[34] Trone (2008, 302). Давхар ишлэв.
[35] Government of the State of Kelantan v. Government of the Federation of Malaya and Anor. 1963. MLJ 355
[36] Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн хууль. 1963.
[37] Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсын Үндсэн хууль. 1978. 13 дугаар нэмэлт.
[38] Percy R Luney, Jr., and Kazuyuki Takahashi. Japanese Constitutional Law. 1993. University of Tokyo Press. 39 дэх тал.
[39] Yaniv Roznai. Unconstitutional Constitutional Amendments. London. 2014. 79 дэх тал.
[40] Pound (2008, 498-499 fn 92) давхар ишлэв.
/2017.06.30/ English