2020-05-25

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн түүхээс

БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх тухай санал анх 1988 оноос эхлэн тавигдаж, 1989 оны эхээр БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх комиссыг байгуулж байжээ.

1990 онд батлагдсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль” нь улс төрийн харилцааг тайван замаар шинэтгэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг эрс өөрчлөхийн эхлэл болсон билээ.

Тэр үед Монгол Улсын нийгмийн амьдралд, Монгол төрийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарч түүнийг харгалзан Улсын Бага Хурал 1990 оны 10 дугаар сард Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг шинээр байгуулсан байна.

20x30 (6)

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар  хуралдаан 1991 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд хуралджээ. Энэ хуралдаанаар Ардын Их Хурлын 430-аад депутат нийт 76 хоног Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталсан түүхтэй.

Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэхийн өмнө Улсын Бага Хурлаар болон ард нийтээр тус тус хэлэлцүүлжээ. “Их цааз”-ын төслийг 1991 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийн хооронд ард нийтээр хэлэлцүүлсэн байна. Энэ хугацаанд 7000 гаруй байгууллага, хамт олон хурлаараа төслийг хэлэлцэж, тэдгээрт 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гаргаж байжээ.

25x40 (1)

Тэдгээрийг цахим тоолуурт оруулж, бусад хуультай эрх зүй, улс төр судлалын үүднээс харьцуулан дүгнэлт хийж улмаар 45 орчим хувийг төсөлд ямар нэг хэлбэрээр тусгасан тухай тэр үеийн БНМАУ-ын ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат Ардын Их Хуралд илтгэж байв.

Депутатууд олон хоног хуралдаж Үндсэн хуулийн төслийн үг, үсэг, цэг, таслал, нэр томьёо бүрийн төлөө чөлөөтэй мэтгэлцээгүй тохиолдол үгүй билээ. Тэд улсын нэрийг БНМАУ, Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэх үү, Ерөнхийлөгчийн, эсхүл парламентын засаглалтай байх уу, парламент нь нэг, эсхүл хоёр танхимтай байх, парламент нь  55; 76; 102, эсхүл 120 гишүүнтэй байх уу, сүлд нь хуучнаараа, эсвэл соёмботой, цагаан тугтай, морьтой, шонхортой байх эсэх, Үндсэн хуулийн нэрийг хэвээр нь үлдээх, эсхүл “Эх дархлал”, “Их засаг”, “Их цааз”, “Их хууль” “Эх хууль” гэж нэрлэх гээд олон санал гаргаж, тэдгээрийг тойрсон хурц хэлэлцүүлэг  өрнүүлж байв.

25x40 (4)

Зарим асуудлаар 7-10 удаа санал хураалт явуулж байжээ. Тухайлбал, Үндсэн хуулийн төслийн Гуравдугаар бүлгийн 30 дугаар зүйлд “Ерөнхийлөгчөөр… Монгол Улсын гурваас доошгүй үеийн уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтаар 11 удаа санал хураалт явуулж байсан байна. Энэ заалтын гурван үеийн уугуул иргэн гэдгийг хэн, хэрхэн тодорхойлох зэрэг асуудал маргаан үүсгэж байжээ. Ерөнхийлөгчийн засаглалтай, парламент нь хоёр танхимтай байх саналыг Нам бусчуудын болон хөдөө аж ахуйн хоршоодын бүлэг дэмжиж байжээ. Мөн арваад аймгийн депутатын бүлэг тэдэнтэй санал нэг гэдгээ илэрхийлж байсан байна. Харин парламентын засаглалтай байх  саналыг улс төрийн намуудын бүлэг илүү дэмжиж байжээ. “Монгол Улс ардчилалд шилжих үйл явцад шинэ Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж олон илтгэл тавьсны дотор “Парламентын ардчилал, түүнийг Их цаазын төсөлд тусгасан нь” сэдвээр  Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн Б.Чимид, С.Төмөр нар, “Монгол Улс “Их цааз” дахь хүний эрхийн асуудал”  сэдвээр тэр үеийн Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Цог нарын хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлж байжээ.

25x40 (9)

Хуралдааны ажиллагаанд идэвхтэй оролцож, Үндсэн хуулийн төслийг хамтын хүчин чармайлтаараа хэлэлцэж батлан гаргах, сонгогчдынхоо үзэл санаа бодлыг нэгтгэн илтгэх зорилгоор олон бүлэг байгуулагдаж байв. Тухайлбал, “Ардчилсан эвсэл”  бүлэг, МАХН-ын бүлэг, Нам бус депутатуудын бүлэг, Депутатуудын бие даасан бүлэг, “Залуучууд ардчиллын төлөө” бүлэг, Эмэгтэй депутатын хэсэг,  АИХ-ын депутат хүний эмч нарын бүлэг, Хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын байгууллагаас сонгогдсон депутатууд тус тус бүлэг байгуулж байв. Ийнхүү Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталжээ.

Ochirbat

БНМАУ-ын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эхийг гардаж аваад “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат” гэсний дараа гарын үсэг зурж, Төрийн тамга дарж батламжилсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар зарлигаар Монгол Улсын Үндсэн хуулийг уг эхээс нь хуулбарлан бүтээж Үндсэн хуулийн цэцэд залсан билээ.

Undsen huuliin copy huviig zalah yoslol

Үндсэн хуулийн хуулбар