2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн 01 дүгээр дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн билээ.
Монгол Улсын Их Хурал 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд 30 дугаар тогтоол гаргаж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дарга дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх тухай тогтоол гаргасан.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлолоо.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг энд дарж, Монгол Улсын Их Хурлын мөн 30 дугаар тогтоолыг энд дарж тус тус унших боломжтой.