2024-06-12

Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

           Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан. Гэтэл 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргажээ.