Хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны ерөнхийлөгч, ноён Лаурент Вейрли тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Монгол Улсад олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.

  Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй түүхэн энэ үед Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Швейцарын Холбооны Улсын Хөгжлийн агентлаг хамтран төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байгаад ихээхэн бэлгэшээж байна гээд төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийллээ.

Уулзалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Л.Өлзийсайхан, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, ноён Арно Вики, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Ерөнхий консул Стефани Бурри болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, ноён Арно Вики нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Швейцарын хөгжлийн агентлагийн  хамтран хэрэгжүүлэх “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн гэрээнд гарын үсэг зурав.