“Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн тухай” хуулиар Yндсэн хуулийн цэц ажлын албатай байхаар заасан байдаг.
Монгол Улсын Yндсэн хуулийн цэц 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсантай холбогдож 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Цэцийн нарийн бичгийн дарга, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Цэцийн дотоод асуудал эрхэлсэн түшмэл, 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс операторч тус тус томилогдон ажиллах болсноор дээрх хуулийн заалт хэрэгжиж, Yндсэн хуулийн цэцийн Тамгын газар үүсч хөгжих эхлэл тавигдсан түүхтэй.
Тамгын газар 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан бүтэц, орон тоогоор Тамгын газрын дарга, шинжилгээ судалгааны асуудал эрхэлсэн ахлах зөвлөх, ахлах зөвлөх-цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга, гадаад харилцааны асуудал эрхэлсэн референт, хүний нөөц, дотоод ажил эрхэлсэн референт, ахлах шинжээч- нягтлан бодогч тус бүр нэг, шинжээч-гишүүний туслах 4, түүнчлэн мэдээлэл, технологийн инженер, бичиг хэргийн эрхлэгч-операторч, аж ахуйн зохион байгуулагч, даргын нарийн бичгийн дарга, харуул, үйлчлэгч гэсэн үйлчилгээний албан хаагчдын орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Тамгын газар Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүний хараат бус байдлыг хангах, Цэц, түүний гишүүдийн үйл ажиллагаагаанд мэдээлэл лавламж, судалгаа, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд түүнээ дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлдэг:
- Тамгын газар нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүдийг лавлагаа, мэдээлэл, судалгаагаар хангаж, нотлох баримт цуглуулах, шалгалт хийхтэй холбогдуулан гишүүнээс өгсөн үүргийг шуурхай биелүүлж, шаардлагатай зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;
- Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн, зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг бүрэн хангаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;
- Үндсэн хуулийн цэцийн шугамаар гадаад орнуудын Үндсэн хуулийн шүүх, түүний Тамгын газар болон Олон улсын бусад байгууллагатай харилцан хамтран ажиллах, ёслолын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг эрхэлж, гадаад оронд айлчлах, гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах, Цэцийн гадаад харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн ажил үүргийг эрхлэн гүйцэтгэх;
- Үндсэн хуулийн цэцийн бичиг хэрэг, номын сан, архивын үйл ажиллагааг хөтлөн явуулах;
- Үндсэн хуулийн цэцэд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг байнгын найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах;
- Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнуудын ажиллах нөхцөл, ахуй хангамжтай холбоотой асуудлыг судалж шийдвэрлэх;
- Цэцийг хөрөнгө, төсвийн хувьд хараат бус, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэн байгууллагын үйл ажиллагааны ойрын болон дунд хугацааны төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийг байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үр ашигтай зарцуулах, эдийн засаг, хөрөнгийн чадавхийг дээшлүүлэхийн тулд төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг зохистой хэрэгжүүлэх, өмч хөрөнгийг ашиглах, зарцуулах, олж бэлтгэх, хяналт тавих, Цэцийн байрны хэвийн байдлыг хангах ажлыг зохион байгуулах, санхүү, аж ахуйн шаардлагатай бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх;
- Үндсэн хуулийн цэцийн удирдлагаас өгөгдсөн үүргийг биелүүлэх;

