Гадаад харилцаа

И-мэйл Хэвлэх

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тулгын чулуугаа тулсан үеэс эхлэн гадаад орны адил төстэй үүрэг гүйцэтгэдэг олон байгууллагуудтай хэлхээ холбоо тогтоон ажиллаж байна. Ингэхдээ гадаад орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудтай харилцан төлөөлөгч солилцон, үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх асуудлаар мэдээлэл, туршлага солилцон , үндсэн хуулийн шүүхүүдийн олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ.

Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид 1993-2010 онд Австри , ХБНГУ, БНСУ, БНПУ, ОХУ, БНБУ, БНУУ, БНРУ, БНТУ зэрэг орны Үндсэн хуулийн шүүхүүдэд албан ёсны айлчлал хийн мөн хугацаанд дээрх орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч өөрийн орны болон байгууллагын ажил амьдралтай танилцуулан харилцан суралцаж байна. Дэлгэрэнгүй үзэх...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Ханс Зайделын сан, Конрад Аденеуарын сан зэрэг байгуулагатай хамтран олон улсын болон бүс нутгийн арга хэмжээг өөрийн эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тухайлбал 2002 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн сахин хамгаалах баталгаа мөн” сэдвээр олон улсын онол практикийн бага хурал, 2005 онд “ Үндсэн хуулийн шүүх ба Улс төр” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 3 дугаар семинар, 2007 онд Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан “ Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт: Төлөв байдал, цаашдын хандлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2009 онд “Үндсэн хуулийн хяналт ба Эрх мэдлийг хуваарлах нь” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 6 дугаар бага хурлыг тус тус зохион байгуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн цэц 2009 онд Европын Холбооны Венецийн комиссоос ӨАБНУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтран Кап Туан хотноо зохин байгуулсан Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхий дахины Анхдугаар бага хурал, АНУ-ын Ардчилалын төвөөс Вашингтон, Бухарест, Будапешт, Киев,Прага, Страсбург ,Сан-Франциско хотноо зохион байгуулсан Олон Улсын шүүгчдийн бага хурлууд, Индонези, Монгол, Тайланд, Филиппин, БНСУ-ын Үндсэн хуулийн болон Дээд шүүхүүд Конрад Аденуарын сантай хамтран Жакарта, Манила , Бангкок, Улаанбаатар, Сеул хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн олон улсын арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн. Дэлгэрэнгүй үзэх...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 онд Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн бага хурал байгуулах санал дэвшүүлэн, Азийн нийгэмлэг байгуулах Бэлтгэл хорооны ажилд идэвхтэй оролцон улмаар 2010 оны 7 дугаар сард байгуулагдсан Үндсэн хуулийн шүүхүүд болон түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон.