• About: admin

Posts by admin:

  • Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д хамрагдлаа

    Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан хуулийн төслийн эх бичвэрийг хариуцан боловсруулдаг албан хаагчдыг мэргэшүүлэн бэлтгэж мэдлэг чадвар, арга барилыг дээшлүүлэх “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” 2023 оны 12 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд болж Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид хамрагдав. Хууль боловсруулагчдыг бэлтгэх уг сургалт нь хууль санаачлах эрх бүхий субъектүүдээс гарч байгаа хуулийн төслүүдийг хэрхэн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, энэ процессыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм.

  • “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ой тохиож байна

    ”Хүний эрхийн түгээмэл тунхаглал” (The Universal Declaration of Human Rights) бол хүний үндсэн эрхийг эрхэмлэн дээдлэх зарчмыг баталсан баримт бичиг бөгөөд хүний эрхийн баталгааны зорилт, суурь хэмжүүрийг олон улсын хэмжээнд анх удаагаа зарлан тунхагласан юм.
    1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан билээ.

  • Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь

      1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ. Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ.

           Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.

  • УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдэд үнэмлэхийг нь гардууллаа

    Өнөөдөр /2023.11.17/ УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө.
    Тэрбээр, “Та бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн, батлах хүртэлх бүх үе шатанд оролцож явсан. Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлийг сахин хамгаалах, бэхжүүлэхэд хичээн ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж тодорхойлсон.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөллөө

    Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасныг онцлов.

  • “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр өнөөдөр /2023-11-16/ шагналаа. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, шүүхийн шинэтгэлийг хөгжүүлэх үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнажээ.

  • Маргааныг эцэслэн шийдвэрлэв

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “… мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэв.

  • “Монгол бахархлын өдөр” тохиож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны Академийн өргөн барьсан саналыг үндэслэн билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар болсон билээ. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 14-ний өдөр тохиож байна.

    XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ.

  • Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Тусгай илтгэгч, хатагтай Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр өнөөдөр /2023-11-13/ хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн хяналтын хүрээнд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, хангахад Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагаа, баримталж буй эрх зүйн зохицуулалтын талаар төлөөлөгчдөд танилцуулж, дараа нь тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.