Азийн нийгэмлэгийг даргалах эрхийг албан ёсоор шилжүүлэн өгөв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах эрхийг Тайландын хаант Улсын Үндсэн хуулийн шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор шилжүүлэн өгөв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах хугацаанд “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн өнөөгийн байдал” сэдэвт нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлыг, “Үндсэн хуулийн хяналтын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд олон улсын симпозиумыг  тус тус амжилттай зохион байгуулсан билээ.

Түүний сацуу Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэдээлэл, туршлага харилцан солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сургалт хийх,  шинэ гишүүн элсүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн сэдвээр илтгэлүүд  хэлэлцүүлж, ном бүтээл туурвиж олон нийтийн хүртээл болгох зэргээр идэвхтэй ажиллалаа.

Ази тивд ардчилал, Үндсэн хууль дэдлэх ёсыг хөгжүүлэх эрхэм зорилго бүхий Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын хоорондын харилцааг төдийгүй олон улсын бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд үйл ажиллагааг нь илүү эрчимтэй чиглүүлж байв.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Нийгэмлэгийг даргалах эрхээ “Харилцан итгэлцэл, Хамтын хүчин чармайлт, Хамтын үр дүн” уриан дор амжилттай  хэрэгжүүлж, улмаар  “Улаанбаатарын тунхаглал” хэмээх  баримт бичгийг батлан гаргасан билээ.