Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөллөө
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасныг онцлов.