Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд зочиллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Үндсэн хуулийн цэцийн дарга АНУ-ын Ерөнхий шүүгчтэй албан ёсны уулзалт хийсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон тухай онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улс, АНУ хоорондын дипломат харилцааны түүхэн үйл явдлуудаас товч ярьж, Элчин сайдын яамныхаа үйл ажиллагаатай танилцуулсан юм.

Элчин сайд Ө.Батбаяр 1962 оны 3 дугаар сард хэвлэгдэн гарсан “National Geographic” сэтгүүлийн 121 дүгээр цувралын Дугаар 3-т нийтлэгдсэн АНУ-ын Дээд шүүхийн шүүгч асан Уильям О. Дугласын “Монголд хийсэн аялал” нийтлэлийн талаар танилцуулж, уулзалтын төгсгөлд тус сэтгүүлийг Цэцийн дарга Н.Чинбатад гардуулан өгөв. Цэцийн дарга Н.Чинбат Элчин сайд Ө.Батбаярт Монгол бичгээр бичсэн хуйлмал Монгол Улсын Үндсэн хуулийг гардуулан өгөв.


/"National Geographic" сэтгүүлийн 121 дэх цуврал, дугаар №3/