Олон улсын төслийн багийнхныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат  “Харьцуулсан эрх зүй” олон улсын төслийн Анхдугаар зөвлөгөөнд оролцсон Итали Улсын Миланы их сургууль, Франц Улсын Каен Нормандийн их сургуулийн төлөөлөгчдийг 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр тэрбээр, төслийн ач холбогдлыг өндөр үнэлэхийн сацуу төслийг хэрэгжүүлснээр  Үндсэн хууль дээдлэх ёс, шүүх эрх мэдэл, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Европын Холбооноос санхүүжүүлж байгаа энэхүү төслийн анхдугаар зөвлөгөөнийг Итали, Франц улсын их сургуулиас гадна Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг Их сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуульт ардчилалд тулгарч буй сорилтыг харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэх нь”, “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүйн орчин үеийн сорилт” сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Хүлээн авч уулзахад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар болон албаны бусад хүмүүс байлцав.