Төсөл нь Үндсэн хуулийн мэдлэг, хүний үндсэн эрхийн боловсрол олгох зорилготой ажээ

“Үндсэн хууль манай сургуульд: НҮБ-ын Хүний эрхийн хороодын ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр” номын нээлт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр  МУИС-ийн Төв номын санд болсон байна.

“Үндсэн хууль манай сургуульд” төслийг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг, хүний үндсэн эрхийн боловсрол олгох зорилготой ажээ.

 Хууль зүйн эрдэмтэн, судлаач, хуульчдаас бүрдсэн төслийн баг нь энэ зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд тухайлбал, хүний эрхийн мэдлэгийг нийтийн болон мэргэжлийн сургалтаар олгох, хуулийн судалгаа, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн талаарх НҮБ-ын хороодын ерөнхий тайлбараас арвыг сонгон орчуулж, Үндсэн хуулийн болон хүний эрхийн мэдлэгийг иргэдэд олгоход чиглэсэн найман сэдвээр  сургалтын хөтөлбөр боловсруулж, туршилт хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд заасан байна.

Дээрх төслийн судлаачдын болон НҮБ-ын Хүний эрхийн хороодын ерөнхий тайлбарын орчуулгын багт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор  Д.Гангабаатар оролцож ажилласан байна. Мөн тэрээр  Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэгийн хамт сургалтын хөтөлбөрийн редактораар ажиллажээ.