Академич Ж.Амарсанаа “Нүүдэлчдийн эрх зүйн соёл: уламжлал, орчин үе” сэдвээр лекц уншлаа

МУИС-ийн Ахмад багш ажилтны нэгдсэн холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн лекцийг академич, гавьяат хуульч  Ж.Амарсанаа “Нүүдэлчдийн эрх зүйн соёл: уламжлал, орчин үе” сэдвээр уншлаа.

Лекцээс онцлох зүйлийг дурдвал: Нүүдэлчид бол түүхэн урт хугацааны туршид өөрсдийн өвөрмөц соёлыг, түүний дотор эрх зүйн соёлыг бий болгосон отог, омог, овог, аймаг, үндэстэн, ард түмэн юм. Эдгээр хүн орчин цагийн соёлын дэвшилтэт үзэгдлийг уламжлалт соёл, аж ахуй эрхлэх аргатай хослуулан амьдарч байна.

Нүүдэлчдэд эрх зүйн соёлыг төлөвшүүлэхдээ тэдний байгалийг шүтэн амьдардаг заншлын хүчин зүйлийг сайтар харгалзан үзэхийн зэрэгцээ ёс суртахууны хүчин зүйлийг хүчтэй хөгжүүлэх нь зайлшгүй чухал асуудал болж байна. Энэ нь Монгол улсад нэгдмэл эрх зүйн дэг журам тогтоох, иргэн бүр ухамсартай, хариуцлагатай байх, хууль дээдлэх ёсны үзэл санааг бататгах, эрх зүй, улс төр, ёс суртахууныг үгүйсгэх үзэл бодлыг даван туулахад чухал ач холбогдолтой юм. 

Мөн энэ үеэр академич, гавьяат хуульч  Ж.Амарсанаа өөрийн эрхлэн гаргасан ном, бүтээлийн талаар товч танилцуулсан. Тэрээр нэг сэдэвт хориод бүтээл, 130 гаруй номыг дангаар болон бусадтай хамтран туурвисан байна.