Хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхийн төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийх болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зүхтү Арслантай 2022 оны 8 дугаар  сарын 18-ны өдөр албан ёсны уулзалт хийлээ.

 Цар тахлын дараах олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн шүүхийн хамгааллын зэрэг олон асуудлууд шинжлэх ухаан, танин мэдэхүйн үүднээс урган гарч байна. Энэ нөхцөл байдалд асуудлуудын гаргалгааг тодорхойлоход Турк Улсад болсон Туркийн Үндсэн хуулийн 60 жилийн ойн хурлаар ярилцсан, мөн өнөөдрийн Та бидний хамтран зохион байгуулах гэж буй Азийн нийгэмлэгийн Их хурлын үеэр яригдах асуудлууд их чухал ач холбогдолтой юм  гэж уулзалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн дарга  хэллээ.

Тэрээр цааш нь, манай хоёр улс хоорондын харилцааг цаашид улам бүр хөгжүүлэхэд шүүхүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм. Энэхүү хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхийн төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийх болно гэдгийг илэрхийллээ.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үйл ажиллагааны нэг хэсэг нь сургалт, хүний нөөцийн хөгжлийн асуудал байдаг. Энэ асуудлыг хариуцсан төвийн өдөр тутмын үйл ажиллагааг БНТУ-ын Үндсэн хуулийн шүүх  удирдан зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байдаг. Түүний бүхий л үйл ажиллагааг бид өөрсдийнхөө зүгээс дэмжиж, байнга идэвхтэй оролцуулахыг эрмэлзэл байна. Энэ хүрээнд манай Тамгын газар судалгаа шинжилгээний асуудлаар хамтарч төсөл хэрэгжүүлэх боломжтой” гэдгээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэллээ.

Ноён Зүхтү Арслан айлчлалынхаа ач холбогдлыг үнэлж хэлэхдээ, “Энэхүү айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хоорондох харилцаа, хоёр байгууллагын  хамтын ажиллагааг улам их өргөжүүлж хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Турк улсын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулж буй бүх арга хэмжээнд түүнээс гадна Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвөөс хийж байгаа зууны сургалтуудад  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байнга идэвхтэй оролцож байгааг” онцоллоо.