Н.Чинбат: ”Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судалгааг илүү өөрөөр хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна”

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга  Н.Чинбат Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хуралд оролцохоор, мөн тус улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Юү Нам Сог-ийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав.

Юуны өмнө хоёр байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэхэд энэхүү айлчлал онцгой ач холбогдолтойг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэмдэглээд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Азийн Үндсэн хуулийн шүүхийг хөгжүүлэх, энэ хүрээнд  хамтран ажиллахад онцгой үүрэг гүйцэтгэснийг дурдлаа.

Мөн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэргэд ажилладаг Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан  нарийн бичгийн дарга нарын  газрын үйл ажиллагаанд сэтгэл өндөр байдаг бөгөөд тэнд манай улсын төлөөлөгчид ажиллаж их зүйл сурсан. Цаашид ч хамтарсан судалгааны ажил эрхлэх, мэргэжилтнүүдээ солилцох чиглэлээр илүү их идэвхтэй хамтран ажиллах, харилцаагаа улам бүр хөгжүүлэх сонирхолтой байна гээд “Койка”-ийн Үндсэн хуулийн цэц дээр хэрэгжүүлсэн төсөл нь манай хоёр шүүх хоорондын  мэдээлэл, технологийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны эхлэл болсон билээ. Хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хамтран ажиллах, мэргэжилтнүүдээ солилцон ажиллуулах, төслийн үр дүнг  улам бүр гүнзгийрүүлэх асуудал бидний харилцаагаа улам хөгжүүлэх зорилттой бүрэн нийцнэ гэж үзэж байгаагаа хэллээ.

Тэрээр цааш нь Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх анх хамтран санаачилж улмаар байгуулагдсан түүхтэйг дурдаад тус байгууллагын үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь Ази дахь Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, энэ талаарх судалгаа шинжилгээний ажлыг улам бүр эрчимжүүлэх явдал юм гэж ойлгож байгаа. Ялангуяа дэлхийг хамарсан цар тахлын дараах дэлхий дахины амьдрал,  олон улсын харилцаан дахь ээдрээтэй олон шинэ асуудлуудаас улбаалж Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судалгааг илүү өөрөөр хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ чиглэлээр бидэнд хийх ажил их байгаа. Хамтран ажиллаж судалгаа хийж хэрэгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг солилцох, хамтарсан хурал, семинар хийх зэргээр мэдээлэл солилцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Юү Нам Сог  “цар тахлын энэ амаргүй үед Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа нь өндөр ач холбогдолтой гэж би үзэж байна.

Манай шүүхийн дэргэд ажиллаж буй Азийн нийгэмлэгийн Судалгаа хөгжлийн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа нь  амжилттай  байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Нийгэмлэгийн гишүүн Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааны  үр дүн гэж дүгнэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ажилтнуудаа манай судалгааны байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах, төслийн хүрээнд дэх ажлыг илүү хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байна. Ингэснээр хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгээ тэрээр илэрхийлэв.