Г.Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийг шалгарууллаа

        Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтэс, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн уралдаанд нийт 7 өгүүлэл ирүүлснээс зохион байгуулагчдын зүгээс тус бүр доктор эрдэмтдийн багаар шалгаруулалтыг явуулж, нэгдсэн дүнгээр Т.Бадрахын “Тодорхойгүй тооны буюу олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судалгаа” сэдэвт өгүүлэл 2021 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр шалгарч шагналыг Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт, УЕПГ-ын сургалт хариуцсан прокурор Ц.Мөнхбат нар гардууллаа.

Энэхүү өгүүллийн уралдааны зорилго нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих юм.