Азийн нийгэмлэгийн тухай тусгай нүүр бэлтгэн гаргалаа

     Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалах болсон билээ.

        Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн Ажлын албанаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг”, “The Mongol messenger” сонинд Азийн нийгэмлэгийн тухай танилцуулга бүхий тусгай нүүрийг бэлтгэн гаргууллаа.

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувьд дээрх сонинуудын уншигчдад хандсан үгэндээ, “Нийгэмлэгийг даргалах хугацаа нь Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ойтой тус тус давхцаж байгаагаараа онцгой ач холбогдолтой”-г дурдаад “Энэ нь Монгол Улс төрт ёсны түүх, соёлын уламжлалтайгаа төдийгүй ардчиллыг төгөлдөржүүлэх, шударга ёсыг бататгах, иргэнийхээ эрх, эрх чөлөөг дээдлэх талаар дэлхийн нийтийн түгээмэл хөгжилтэй эн зэрэгцэн алхаж буйгаа бусад улс орон, олон улсын болон бүс нутгийн байгууллагад таниулах өргөн боломж олгож байна”  гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.

       Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин монгол бичгээр, ““The Mongol messenger” сонин англи хэлээр тус тус хэвлэгдэн гардаг  билээ.