Н.Чинбат: “Хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байна”

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Жалгас Жумаевич Адилбаевыг өнөөдөр /2020-10-5/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр  ноён Элчин сайд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн медалийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Д.Одбаяр нарт гардууллаа.

Шагналыг  БНКазУ-ын  Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар хүртээж буйг тэрээр дурдаад   иргэдийн эрх,  эрх чөлөөг хамгаалах, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасан юм гэлээ.

Элчин сайд цааш нь,  9 дүгээр сарын 1-ний өдөр БНКазУ-ын Ерөнхийлөгч  нийт ард түмэндээ хандсан илгээлтдээ улс орныхоо хөгжлийн  хөтөлбөр төлөвлөгөө, Covid цар тахлын дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон  төр,  иргэд хоорондын харилцаа, хамтын үйл ажиллагааг дэлгэрэнгүй тусгасны хамт хүний эрхийг хамгаалах асуудлыг онцгой анхаарсан тухай  танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат ийнхүү  шагнал хүртээсэн явдалд БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон  Үндсэн хуулийн шүүхийн зөвлөлийн дарга К.А. Мамид нарт хариу талархлыг нь уламжилж өгөхийг хүслээ.

Монгол Улс, БНКазУ-ын хоорондын харилцааг улам хөгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн оруулж буй хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнал олгож байна гэж үзэж байгаагаа тэрээр илэрхийллээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн Зөвлөл Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн бага хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаад  энэ үеэр хэлэлцсэн  асуудлууд Үндсэн хуулийн хөгжлийн онол-арга зүйн хувьд маш их ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэв.