Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.”, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.”, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. …” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад тусгасан “гэмт хэрэг үйлдэх” гэсэн ойлголт нь аливаа этгээдийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосонтой адил утга агуулгыг илэрхийлэхгүй байх бөгөөд энэ нь гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар, монгол хэлний үйлдэхүйн ерөнхий утгыг илэрхийлэн хуульчилсан гэж үзэхээр байх тул гэм буруугүйн зарчим, түүнийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж 2020 оны 05 дугаар дүгнэлтийг гаргалаа.