УИХ-ын Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг дэмжсэнгүй

          Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг тус тус хэлэлцжээ. Тус маргааныг хянан шийдвэрлэсэн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан энэ асуудлаар товч танилцуулга хийсэн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгээр Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ мөн зүйлийн 10 дахь заалтаар олгогдсон эрхээрээ баталгаажуулан, улс төрийн нам байгуулах эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчин, Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхийг хязгаарлах замаар иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна хэмээн нэр бүхий иргэд мэдээлэл гаргасан байна. Үндсэн хуулийн цэц 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцээд эдгээр заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоон, тус заалтуудыг түдгэлзүүлэхээр 2020 оны 02 дугаар дүгнэлт гаргажээ.

Л.Энх-Амгалан гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нь тодруулга хийж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатайгаар томилдог бөгөөд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурал яаралтай авч хэлэлцэх шаардлагатай. Эс бол бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр гаргаж буй цэцийн шийдвэрүүд нь хууль ёсны эсэх асуудал хөндөгдөж байна гэдэг байр суурийг Ц.Нямдорж гишүүн илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, цэцийн дүгнэлтийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс тайлбар, мэдээлэл авдаг байх зохицуулалтыг холбогдох хуульд тусгах шаардлагатай гэлээ.

Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.