Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 03 дугаар дүгнэлтийг гаргасан билээ. Дүгнэлтийн дагуу, тухайлбал, “Ашигт малтмал худалдсан,  худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд…нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын  үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр их суудлын хуралдаанаа 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн  09.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.