“Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал өндөрлөв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран зохион байгуулсан “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал хоёр өдөр амжилттай хуралдаж өнөөдөр /2019-6-7/ өндөрлөв. Тус хуралд Европын Зөвлөлийн Венецийн комисс болон Европ, Ази тивийн нийт 14 улсын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид оролцлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн хурлаар  олон улсын Үндсэн хуулийн шүүгчид “Хууль тогтоох байгууллага ба Үндсэн хуулийн шүүх” /үндсэн илтгэгч: Европын Зөвлөлийн Венецийн комиссын гишүүн, Бүгд Найрамдах Латви Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга асан Гунарс Кутрис/, “Гүйцэтгэх засаглал ба Үндсэн хуулийн шүүх” /үндсэн илтгэгч: Европын Зөвлөлийн Венецийн Комиссын гишүүн, Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, Ерөнхий сайд асан Филип Димитров/ “Шүүх засаглал ба Үндсэн хуулийн шүүх” /үндсэн илтгэгч: Европын Зөвлөлийн Венецийн комиссын гишүүн,  Загребийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захиргааны эрх зүйн профессор, Хорват Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга асан Ясна Омеец/   сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Олон улсын Үндсэн хуулийн шүүгчид Үндсэн хуулийн шүүхүүд нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудын Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээг хамгаалахын зэрэгцээ төрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, төрийн болон нийгэм, улс төрийн тогтвортой, тайван байдлын баталгаа болж, улс орныхоо Үндсэн хуульт ёсны манаанд найдвартай зогсож, Үндсэн хуулийн үнэт зүйлсийг хамгаалж буйг илтгэлүүддээ цохон тэмдэглэлээ.

Тухайлбал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын  Үндсэн хуулийн Трибуналын шүүгч Мьинт Вин илтгэлдээ, аливаа улс орны төрийн тогтвортой байдлыг хангахад Үндсэн хуулийг сахин хамгаалах чиг үүрэгтэй Үндсэн хуулийн шүүхийн үүрэг чухал болохыг дурдлаа. Мөн өөрийн Трибуналын онцлог, зарим туршлага болон өмнө тулгарч буй сорилт, цаашдын хандлагын талаар илтгэлдээ тусгасан байв.

Европын Зөвлөлийн Венецийн комиссын гишүүн Гунарс Кутрис төрийн эрх мэдлийг хуваарилах онолын эмзэг хэсэг нь шүүх эрх мэдэл болон парламентын харилцаа болохыг онцолсон бөгөөд парламент болон Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа нь зөвхөн Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаан дээр үндэслэхгүйгээр бусад байдлаар уялдаа холбоотой ажиллах ёстой гэсэн асуудлыг хөндлөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр “Парламентат ёс бэхжиж, хууль тогтоох байгууллагууд хөгжихийн хэрээр Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд улам оновчтой, боловсронгуй болох шаардлага бий болж байгааг” илтгэлдээ  тэмдэглэв.

Европын Зөвлөлийн Венецийн комиссын гишүүн, Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Филип Димитров  илтгэлдээ, төрийн эрх мэдэл хуваарилалтын загваруудын талаар болон Үндсэн хуулийн хэм хэмжээг хамгаалах Үндсэн хуулийн шүүхийн чиг үүргийн талаар чухал асуудлуудыг дэвшүүлэхийн хамт гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой маргааныг Үндсэн хуулийн шүүхээс хянах арга зүйн асуудлыг судлах шаардлага буйг цохон тэмдэглэв.

Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Александр Кокотов илтгэлдээ, өөрийн орны Үндсэн хуулийн шүүхээс эрх зүйн шинэ стандарт, хандлага тогтоосон зарим чухал шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Европын Зөвлөлийн Венецийн комиссын гишүүн Ясна Омеец Үндсэн хуулийн болон ердийн шүүх хоорондын  харилцаа, уг харилцааны уялдаа холбоог хангах асуудлаар тавьсан илтгэлдээ,  гүйцэтгэх засаглалын өсөн нэмэгдэж буй эрх мэдлийг хянахын тулд хараат бус шүүх засаглал шаардлагатай болохыг цохон тэмдэглэж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго  “Үндсэн хуулийн эрх зүйн асуудлыг хэр зэрэг хуульчлан хэлбэржүүлсэнээс зөвхөн хууль тогтоомжийн чанар төдийгүй, мөн төрийн эрх мэдлийн байгууллагуудын бүрэн эрхийн хэрэгжилтийн үр нөлөө хамаарах нь дамжиггүй” гэлээ.

Шүүгч И Ён Жин  Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүх болон ердийн шүүх хоорондын харилцаа, уялдаа холбоог жишиг болохуйц шийдвэрүүдийг үндэслэж тайлбарлав. Бүгд Найрамдах Солонгос Улсын олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар хамгийн итгэл даах төрийн байгууллагын 1 дүгээрт Үндсэн хуулийн шүүх эрэмбэлэгдсэн байдаг ажээ.

Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Жаран Пюкдитанакул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон түүнд тавих Үндсэн хуулийн шүүхийн хяналт, энэ талаарх онол, практикийн асуудлыг хөндсөн илтгэл хэлэлцүүлэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсын дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимын шүүгч Меергуль Бобукеева илтгэлдээ, эрх мэдэл хуваарилах зарчмыг үндэслэн гаргасан өөрийн танхимын шийдвэрүүдийг жишээ болгож танилцуулав.Мөн тэрээр Үндсэн хуулийн хэм хэмжээний хяналтыг хэрэгжүүлэхэд ердийн шүүхүүдээс Үндсэн хуулийн шүүхэд хандаж хүсэлт гаргах нь үр дүнтэй механизм болохыг тэмдэглэж байв.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Генжемурат Пиржанов Үндсэн хуулийн шүүхийн бүрэн эрхийг өргөтгөх, хараат бус байдлыг бэхжүүлэх нь чухал болохыг илтгэлдээ онцлон тэмдэглэж байлаа.

Бүгд Найрамдах Тажикстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Даврон Хошимзода илтгэлдээ, өөрийн шүүхийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, эрх мэдлийн хяналт, тэнцлийг хадгалахад Үндсэн хуулийн шүүхийн чиг үүрэг өндөр болохыг онцолж байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Г.Туулхүү илтгэлдээ, “Үндсэн хуулийн аливаа заалт эрх зүйн үүднээс хоёрдмол биш нэг л агуулгатай байдаг гэсэн утгаараа шүүх засаглал нэгдмэл байж, аливаа хэрэг, маргааныг нэг байр суурь, нэг зарчмаар шүүх байх ёстой”-г онцлон тэмдэглээд “…төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаа харьцангуй биеэ даасан байхын зэрэгцээ харилцан хамааралтай байх учиртай” гэдгийг  хэлж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр олон улсын хуралд оролцогсдод хандаж хэлсэн үгэндээ, “Төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын зорилго нь төрийн эрх мэдлийг засаглалын гурван салаанд хуваарилж, тэдгээр нь бие биедээ хяналт тавих, эрх мэдлийг тогтоон барих замаар төрийн тогтолцооны тэнцвэрт байдлыг хангахад үйлчлэх явдал юм. Төрийн эрх мэдлийг дан ганц нэг гарт төвлөрүүлэхгүйгээр холбогдох институтэд хуваарилж, тэдгээрийн хоорондын харилцан тэнцвэрийг хангаснаар төрийн эрх мэдлийг ханган, хүний эрхийг хамгаалах чухал механизм бүрддэг.” гээд  “Өнөөгийн энэ олон төрлийн ашиг сонирхол зэрэгцэн оршсон, нийгмийн сүлжээ, мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй нээлттэй нийгэмд ч бидний энэхүү тэнцвэржүүлэх үүрэг өсөн нэмэгдэж шинэ шинэ сорилтуудтай тулгарч байна. Иймд Үндсэн хуулийг хамгаалах Та бидний ажил, үүрэг бол төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, улмаар хүний эрхийг баталгаажуулах, Үндсэн хуулийн зөрчлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх хэцүү бөгөөд хариуцлагатай үйлс болох”-ыг онцлон тэмдэглэв.

Ноён Джанни Букиккио Европын Зөвлөлийн Венецийн комиссын үйл ажиллагааны талаар ярихдаа, “Венецийн комисс нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Төв болон Зүүн Европын орнуудад шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэсээр байна. Европ тивд ардчилал рүү шилжих шилжилтийн талаарх бидний мэдлэгийг мэргэшсэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Манай Комисс нь Үндсэн хуулийн шүүхийн салбарт хамтран ажиллахад чухал үүргийг байнга гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ чиглэлээр шилдэг туршлага, олон улсын стандартыг солилцоход голлох үүргийг гүйцэтгэдэг. Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуулийн хараат бус байдлын баталгаа болохын хувьд, ялангуяа өнөөдрийн ийм цаг үед чухал үүргийг гүйцэтгэдэг талаар бид байнга цохон тэмдэглэдэг” гэдгийг онцоллоо. Тэрээр мөн “ ШИлжилтийн үед олон улс орнууд төрийн эрх мэдлийн нэг салбар Үндсэн хуулийн зохицуулалтыг дур мэдэн тайлбарлах, эсхүл яаран “Үндсэн хуулийн шинэчлэл” хийх замаар эрх мэдлийн тэнцлийг өөрчлөхийг оролдох улмаар Үндсэн хуулиа зөрчсөн маргааныг шийдвэрлэх бэрхшээлтэй тулгарч байсан” талаар яриад “Ийм нөхцөлд тухайн улсын Үндсэн хуульд тусгасан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн гол үүрэг болох ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмыг хангах явдал бодитоор хэрэгжиж байгаа эсэх нь Үндсэн хуулийн шүүхээс улс төрийн дарамт шахалт зэргийг эсэргүйцэн тэмцэх чадавх, хүчин чармайлтаас хамаарч байна” гэдэгт хуралд оролцогсдын анхаарлыг хандуулав.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран анх удаа зохион байгуулсан “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал хоёр өдөр амжилттай хуралдаж өндөрлөв.