УИХ Цэцийн дүгнэлттэй хуулийн заалтыг нийцүүлэв

УИХ-ын чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 39.9, 40.8 дугаар зүйлүүдэд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлттэй хуулийн заалтыг нийцүүлэх, мөн хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдааг засаж, зөвтгөх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан тухай илтгэгч танилцуулжээ. 

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9, 40.8 дугаар зүйлийг өөрчлөлгүйгээр шүүгдэгчид ялыг хүндрүүлж оногдуулсан 56 орчим хүн байгааг дурдаад энэ асуудлыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын зөвлөл дахин хэлэлцэж, шийдвэр гаргах байх гэдгийг онцолжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 56.6 хувь нь дэмжсэн байна.