Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “ Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж,  “аливаа хэрэг, маргаан болон гомдлын онцлогоос хамааран тусгай журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулж ямар шүүх эцсийн шийдвэр гаргах (шүүхийн гурван шатыг дамжихгүйгээр)-ыг хуулиар тогтоох боломжтой юм. Иймд зөрчлийн хэргийн мөн чанар, түүний эрүүгийн хэргээс ялгагдах онцлог болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тусгай журамтай уялдуулан хууль тогтоогчоос Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх доод шатны шүүх (ерөнхий харьяаллын шүүх)-ийн шийдвэрийг бүхэлд нь (тухайн зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн ажиллагаа болон шийдвэр, холбогдох үйл баримт зэргийг) хянаж эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна” гэсэн дүгнэлт гаргалаа.

Харин Зөрчлийн тухай хууль тогтоомжийг батлан мөрдүүлэхдээ салбар эрх зүйн зарчмыг хэлбэрэлтгүй сахих, төрөлжүүлэн системчлэх, хүний үндсэн эрхийг хангахуйц эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг хуулийг боловсронгуй болгох шаардлага байгааг дүгнэлтэд дурдсан байна.