Тангараг өргөх ёслолын ажиллагааг Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин хөтөлж явуулав

          Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины тангараг өргөх ёслол 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Москва хотын Кремлийн Их ордны Алексейн танхимд  боллоо.

        Үндсэн хуульд заасны дагуу шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ёслол төгөлдөр байдалд ард түмэндээ тангараг өргөсөн бөгөөд энэ арга хэмжээнд Оросын Холбооны Зөвлөлийн гишүүд, Төрийн Думын депутатууд, Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид болон албаны бусад хүмүүс, урлаг, спортын алдартнууд уригдан оролцжээ.

 Putin tangaragТусгайлан зассан индэр дээр ОХУ-ын парламентын хоёр танхимын дарга нарын хамт Үндсэн хуулийн шүүхийн дарга Валерий Дмитриевич Зорькин гарч зогссон байв. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин уламжлал ёсоор хөтөлж явуулсан бөгөөд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин “ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиа сахин биелүүлж, иргэний эрх, эрх чөлөөг хүндлэн хамгаалж, улс орныхоо халдашгүй дархан байдал, тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэн ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ тангараглаж байна” хэмээн Үндсэн хуульдаа гараа хүргэн тангараг өргөсөн байна.

       ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Үндсэн хуулийн шүүхийн бүх гишүүд уригдан оролцож, Үндсэн хуулийн шүүхийн дарга нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж, хөтлөн явуулах журамтай юм.

Түүнчлэн ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга нь Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж буйг албан ёсоор зарлах, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид түүний эрх мэдлийг илэрхийлсэн төрийн сүлд гардуулан өгдөг байна.

Uncategorized