
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд /2008 он/ Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно. Шинээр буюу нөхөн томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөсөө эхлэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Үндсэн хуулийн цэц өөрийн онцлох бэлгэ тэмдэгтэй бөгөөд хуралдааны явцад гишүүд олон улсын жишиг, Монгол төрийн уламжлалыг харгалзан үйлдсэн өмсгөлтэй байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.
|