Монгол Улсын Үндсэн хуулийн

цэцийн дарга Н.Чинбат

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ XXI ЗУУНД

 

Эрхэм хүндэт хурал даргалагч аа,

Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч, дарга, тэргүүн шүүгч нар аа,

Хүндэт хатагтай, ноёд оо,

 

XXI зууны Үндсэн хууль – хууль дээдлэх ёс, хувь хүний үнэ цэнэ, төрийн үр нөлөө” сэдэвт Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн IV Их хурлыг зохион байгуулж буй Казахстан Улсын Үндсэн хуулийн зөвлөл, хуралд оролцож илтгэл тавьж буй шүүгчид, зочид төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өмнөөс болон хувиасаа халуун дотно мэндчилгээ хүргэхийн ялдамд Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсье.

Энэхүү хурал нь та бүхний зохион байгуулж асан өмнөх хурлуудын адил үр өгөөжтэй, амжилттай болно гэдэгтэй итгэлтэй байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

 

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн асуудал

Монгол Улс хууль цааз тогтоох ёсны эртний түүх, соёл, уламжлалтай. Тэртээ ХIII зуунд Их Засаг хуулийг мөрдүүлж байсан тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байна. Түүнээс хойш Алтан хааны цааз, Монгол-Ойрадын их цааз”, “Халх журам”, “Богд хаант улсын Засгийн газрын “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”, “1921-1924 оны хооронд гарсан “Тангарагийн гэрээ”, “Улсын түр цагийн хурлын дүрэм” зэрэг Үндсэн хуулийн шинжтэй эрх зүйн актууд Монгол Улсад өнөө цагийн Үндсэн хуульт ёс үүсч хөгжих  эх суурь болж байв.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг санал нэгтэй баталж, “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгүүлэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино”[1] гэж тунхаглав. Ингэснээр Монгол оронд Бүгд Найрамдах улсыг тогтоосон байна.

Монгол Улс 1924 онд ийнхүү анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад 3 удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй.

1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь социалист хэв маягт хамаарах бол 1992 оны Үндсэн хууль ардчилсан хэв шинжтэйд тооцогддог.

Дээр дурдсан социалист Үндсэн хуулиуд нь өөр хоорондоо зарим зүйлээрээ ялгаатай боловч нам төвтэй хөгжлийн зорилтыг тодорхойлсон хөтөлбөрийн шинжтэй, үзэл сурталч, ангич байр сууринаас хандаж, хүн амаа анги давхаргаар ялгаварлаж, эрх чөлөөг нь хагасалж, төрийн хатуу төвлөрсөн удирдлага, нэг намын тогтолцоо бүхий улс төрийн дэглэм тогтоож байснаараа адил төстэй ажээ.

Монгол Улс социалист Үндсэн хуулийг дагаж мөрдсөн 70 гаруй жилийн хугацаанд тусгаар байдлаа бэхжүүлж, нийгэм, соёлын амьдралын хувьд хөгжлийн шинэ шатанд гарсан боловч нөгөө талаар тоталитар дэглэмд оршиж нийгэм, эдийн засгийн байгууллын буюу формацын онол тэргүүтнийг баримталсны улмаас зарим талаараа мухардалд орсныг судлаачид тэмдэглэсэн нь бий[2].

Монгол Улсад ардчилсан үйл явц өрнөхөд 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” ихээхэн ач холбогдолтой байдаг. Энэ хуулиар 1960 оны Үндсэн хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй хэдий ч ардчилалд шилжихэд шаардлагатай нөхцөлийг Үндсэн хуулийн түвшинд тунхаглаж чадсан юм.

Улмаар 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс түүхэн дөрөв дэх буюу ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан билээ.

Энэхүү Үндсэн хуулийн оршилд “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан” бөгөөд уг Үндсэн хууль бүхэлдээ хүний жам ёсны эрхийг тэргүүн зэрэгт тавьж, улс төрийн ардчилал, олон ургалч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн эрх мэдэл хуваарилах, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус, шударга, бие даасан шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн хяналтын институтыг анх удаа баталгаажуулсан юм.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай

Үндсэн хууль хөдөлшгүй царцанги зүйл биш. Нийгмийн хөгжлийн үндсэн хандлагад нийцүүлэн шаардлагатай тохиолдолд түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж сайжруулдаг  нь зүй ёсны зүйл мөн. Монгол Улсын Их Хурал 1992 оны Үндсэн хуульд 2000 болон 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахад зарим талаар сөрөг үр дагавар авчирсан тухай зарим эрдэмтэн судлаачид шүүмжилж ирсэн.

Улмаар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ:  

1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт гэсэн 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 гаруй зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Нарийвчилж авч үзвэл Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээллээр уг нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг (19 зүйл, 35 заалтыг) хөндсөн байдаг[3].

Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжилд Үндсэн хуулийн цэцийн оруулж буй хувь нэмэр

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн” хэмээн зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиар ардчиллын үнэт зүйлс, иргэдийн үндсэн эрхийг хамгаалах үүднээс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг Үндсэн хуулийн хүрээнд явуулах, тэдгээрийн эрх хэмжээг түүнд нийцүүлж хязгаарлахын тулд Үндсэн хуулийн цэцийн институтыг бий болгосон байна.

Энэ нь Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эрх зүйн дээд ололтын нэг мөн.   

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд дээд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын ард түмний хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хамгаалан баталгаажуулж, Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан ёсны зарчим, хүний эрхийг хамгаалж, Үндсэн хуульд дээд хяналт тавьж ирлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн онцлогийн хувьд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлэх бөгөөд бага суудлын хуралдааныг 3, дунд суудлыг 5, их суудлын хуралдааныг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ.

Бага суудлын хуралдаанаар Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрт гаргасан гомдлыг хэлэлцдэг.  

Дунд суудлын хуралдаанаар “хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ; ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж буй эсэх асуудлыг анхлан шийдвэрлэж дүгнэлт гаргадаг. Хэрэв дээрх хуралдаанаас Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан бол холбогдох эрх зүйн акт болон тэдгээрийн зүйл, заалтын үйлчилгээ нь Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гартал түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тусгайлан заах[4] бөгөөд тухайн дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулдаг.

Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэж хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар дахин хянан хэлэлцэнэ.  Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаарХууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болох” бөгөөд энэ шийдвэр эцсийн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх байгууллагдсанаас хойш 28 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, гомдлын агуулгыг авч үзвэл Үндсэн хуулийн маргаан үүсгэн Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцсэн нийт өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн 80 гаруй хувь нь хууль тогтоомж Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргаан байжээ. Үүнээс шийдвэрийн 60 хувь нь хууль тогтоомж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж, 40 хувь нь зөрчөөгүй гэж гарсан байна. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон Үндсэн хуулийн заалттай холбоотой хянан шийдвэрлэсэн маргааны тухайд 60 орчим хувьд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ.

Харин төрийн өндөр албан тушаалтантай холбоотой 10 орчим маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэн Үндсэн хуулийн шүүхийн нээлттэй хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэж байсан.

Ийм байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийг хүлээн авч хянан хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг таслан зогсоох онцгой ач холбогдолтой төдийгүй, Үндсэн хуульт ёсны төлөвшилд бодитой нөлөөгөө үзүүлсээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдаж буй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн энэхүү хурал нь гишүүн орнуудын Үндсэн хуулийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэхэд тус дэм болох туршлагуудыг харьцуулан судлах, түүхэн сургамжуудаас суралцах боломж олгож байгаад туйлын ихээр олзуурхаж байна.   

Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсэхийн ялдам энэ удаагийн хурлын ажиллагаанд амжилт хүсье.

 

 


[1] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль, 1924 он. 1 дүгээр зүйл.

[2] Б.Чимид. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс (ихэс дээдэс, хүн бүрт хандсан дөрвөн өчил). Уб., 2006. 27 дахь тал.

[3] Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд заллаа //parliament.mn/n/9xko /Монгол Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас.

[4] Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэг.