ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ: ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ

_DSC0870Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцан

            Эрхэм хүндэт Ноёд, хатагтай нараа,

            Хүндэт зочид оо,

          Та бүхэндээ Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн халуун дотно мэндчилгээ дэвшүүлэн, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу.

Мөн бидний урилгыг хүлээн авч энэхүү хуралд хүрэлцэн ирсэн болон илтгэл бэлтгэн оролцож, өөрийн орны туршлагаа хуваалцаж буй зочид Төлөөлөгчид Та бүхэнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Нэг. Үндсэн хуульт ёс ба Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл, Монгол орны онцлогийн тухайд 

Үндсэн хууль нь хүн төрөлхтний түүхэнд 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд Үндсэн хуулийн үүслийн уг сурвалж нь төр болон төрийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах гэсэн оролдлоготой холбоотой хэмээн үздэг.Хаант засгийн хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлах үзэл санаа нь үндсэн хуульт ёс үүсэх эх сурвалж болсон бол парламентын засаглалын эрх мэдлээ хэтрүүлэх, өөртөө илүү эрх мэдэл тогтоох үйлдэл, санаархал нь Үндсэн хуулийн хяналт бий болгох эх сурвалж болсон гэж үзэх үндэслэлтэй.

Үндсэн хуулийн хяналтын үзэл санаа хүн төрөлхтөнд үүсээд зуу гаруй жилийн нүүрийг үзэж байна. Үндсэн хуулийн хяналтын мөн чанар нь тухайн улсад Үндсэн хуулийг хэрхэн дагаж мөрдөж байгаад төрийн зүгээс тавих хяналт бөгөөд ихэнх оронд ийм хяналт нь шүүхийн тогтолцоонд багтаж хийгддэг боловч зарим оронд шүүхийн тогтолцооноос гадуур хийх зохицуулалттай улс орон ч бас байдаг.

Амьдрал дээр Үндсэн хуультай болсон ч Үндсэн хуулиа зөрчих хандлага төрийн эрх мэдэлтнүүдийн дотор ажиглагдсаар ирсэн. Үндсэн хууль зөрчих нь санаатай ба санамсаргүй хоёр үндсэн хэлбэртэй бөгөөд санаатай нь Үндсэн хуулийг үл ойшоож шууд зөрчих, санаатайгаар түүний агуулга, утга санааг гуйвуулан тайлбарлаж зөрчих зэрэг хэлбэртэй байна.    Хүн төрөлхтөн энэ бүхнээс үүдэж Үндсэн хуулийн хяналт буюу Үндсэн хуулийн шүүхэрх мэдэл гэсэн шинэ ойлголтыг төрийн тогтолцоонд зайлшгүй байх ёстой гэж үзсэнбилээ. Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллага нь Үндсэн хуулийг чандлан сахиулах, түүнийг төрийн эрх мэдэлтнээс хамгаалах, Үндсэн хуульт ёсыг хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ ч үүднээс шүүхгүй Үндсэн хууль бол шүдгүй арслантай адил гэсэн хэлц үг Европт дэлгэрсэн байдаг. Австри Улсаас эхтэй Үндсэн хуулийн шүүх өнөөдөр Европын ихэнх оронд байгуулагдаад зогсохгүй дэлхийн бүх тивд түүний дунд Ази тивийн ихэнх оронд үүд хаалгаа нээгээд байна.

Хүн төрөлхтний хөгжилд даяаршил зарим бодит үр нөлөө үзүүлдгийн нэг жишээ бол Үндсэн хуульт ёсонд хандах хандлага, хууль дээдлэх соёлыг түгээх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч бататган бэхжүүлж байна. Үүнийг Үндсэн хуулийн хяналтын байгууллага болох Үндсэн хуулийн шүүхээр жишиг болгон тайлбарлаж байгаа юм.

Монгол Улсын хувьд ардчилсан шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан билээ. Энэхүү Үндсэн хуулиар иргэдийн үндсэн эрхийг хамгаалах үүднээс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, эрх хэмжээг Үндсэн хуульд нийцүүлж хязгаарлаж байхын тулд Монгол Улсад “Үндсэн хуулийн цэц” гэсэн Улсын эх хуулийг онч мэргэнээр сахин хамгаалах утгыг бэлгэдсэн нэртэй үндсэн хуулийн шүүхийг байгуулахаар хуульчилсан юм.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн нэг ололт бол Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх механизм болох Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн институцийг Үндсэн хуулийн тогтолцоонд бий болгосон явдал юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийг аливаа нөлөөнд автахгүй гагцхүү Үндсэн хуульд хатуу чанд захирагдан хамгаалж байх тийм хариуцлагатай эрхэм үүрэг Үндсэн хуулийн цэцэд л оногдсон юм. Үндсэн хуулийн цэц энэ үүргээ нэр төртэй биелүүлж чадах аваас Монголын төр, нийгмийн тогтолцоог тогтвортой байлгах, Монгол оронд Үндсэн хуулиар нэгэнт тогтсон ардчилсан тогтолцоог хамгаалах эрхэм үүргээ биелүүлж байгаа нь тэр билээ.

Дэлхий дахинаа Үндсэн хуульт ёсны төлөвшилд Үндсэн хуулийн шүүхийн үүрэг нэн өндөрт тавигдаж, төрийн эрх барих байгууллага, албан тушаалтнуудын хууль дээдлэх ёсны хэмжүүр, үндсэн хуульт ёсны төлөвшлийн баталгаа болж байна.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ жишгээр замнаад 25 жилтэйгээ золгож байна.

Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийг дээдлэх болон хуулийг сахин биелүүлэх, хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах явдлыг хангах шаардлагаас урган Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль зүйн хүчин чадлыг Үндсэн хуулиар баталгаажуулан тодорхойлсон байдаг. Ер нь Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд нь тухайн асуудлаар цаашид нийтээр дагаж мөрдөх, удаан хугацаанд үйлчлэх, жишиг тогтоох хандлагатай байдгаараа бусад байгууллагын шийдвэрүүдээс онцлог төдийгүй нийгэмд үзүүлэх нөлөө ихтэй, иргэд болон албан тушаалтнуудын хууль дээдлэх чиг хандлагыг тодорхойлж өгдөг билээ.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиар олгогдсон өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хууль зөрчсөн хууль, тогтоол, зарлиг, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын гаргасан бусад шийдвэрийг хүчингүй болгохоос гадна эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоодог юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэж Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг хангахад оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэн хүн Үндсэн хуульд заасан харьяалан шийдвэрлэх маргааны аль ч асуудлаар хандах боломжтой бөгөөд заавал шүүхээр урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлагыг тавьдаггүй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсвэл Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэдэг онцлогтой.

Харин маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлэх бөгөөд бага суудлын хуралдааныг 3, дунд суудлыг 5, их суудлын хуралдааныг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ. Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрт гаргасан гомдлыг бага суудлын хуралдаанаар; холбогдох байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж буй эсэх асуудлыг анхлан шийдвэрлэхэд дунд суудлын хуралдаанаар, Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй буюу урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ нөхцөл байдал илэрсэнтохиолдолд их суудлын хуралдаанаар тус тус хэлэлцэн шийдвэрлэдэг онцлогтой. Энэ нь эцсийн шийдвэр бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болдог.

Хоёр. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиар баталгаажсан зорилгоо ханган биелүүлж ирсэн нь

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны дараах эхний жилүүдэдманай улсад Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийнталаарх ойлголт иргэдэдтэр бүр байсангүй. Гэвч жил ирэх бүр энэ байдалд өөрчлөлт орж иргэдийн Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн талаарх ойлголт бэхжиж ирлээ. Энэ нь өргөдөл маргааны тоо жилээс жилд өссөөр байгаагаар төдийгүй, ирж байгаа өргөдөл, мэдээллийн агуулга, чиглэлээс тодорхой харагдаж байна.

_DSC0848

 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүлээн авч хянан хэлэлцээд хүний эрхийн олон зөрчлийг таслан зогсоосон шийдвэрүүдийг гаргасан байдаг. Эдгээр шийдвэрүүд нь цаашид жишиг болон хэрэгжиж ийм төрлийн зөрчил гаргахаас сэргийлэх онцгой ач холбогдолтой төдийгүй, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, цаашлаад Үндсэн хуульт ёсны төлөвшилд бодитой нөлөөгөө үзүүлсээр байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Үндсэн хуулийн цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, гомдлын агуулгын олон жилийн дунджийг авч үзвэл:

  • Хууль, түүний холбогдох зүйл заалт, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 50-60 орчим хувь;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 10-20 орчим хувь;
  • Төрийн өндөр албан тушаалтан /Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор/ Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 15-20 орчим хувийг тус тус эзэлж байна.

Ирсэн өргөдөл мэдээллийн 10-аад хувьд нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шийдвэрлэсэн үзүүлэлт бий. Бусад 90 хувь нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй, эсвэл бусад байгууллагын эрх хэмжээний асуудал байдаг.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас хойш гаргасан шийдвэрийн 55 орчим хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгатай байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон Үндсэн хуулийн заалттай холбоотойхянан шийдвэрлэсэн маргааны тухайд 60 орчим хувьд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ.

Дээр дурдсанчлан өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой цөөнгүй маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, иргэдийн өмчлөх, эд хөрөнгө шударгаар олж авах эрх; ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, тэтгэвэр, тэтгэмж авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх; шашин шүтэх, эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө; сонгох сонгогдох, сайн дураар эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, мэдээлэл хайх, хүлээн авах эрх; халдашгүй чөлөөтэй байх, хуульд заасан үндэслэлгүйгээр эрхээ хязгаарлуулахгүй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх; шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах зэрэг эрхийн талаарх шийдвэрүүдийг Цэцээс гаргаж байсан бөгөөд эдгээр нь бүгд нийгэмд үр нөлөөтэй, Үндсэн хуулийг чандлан сахиулахад чиглэсэн шийдвэр болсон гэж дүгнэгддэг. Мөн иргэдийн тэгш эрхийг хангаж хамгаалсан, тэгш бус буюу ялгаварлан гадуурхсан зохицуулалт агуулсан олон хууль тогтоомжийг Үндсэн хуулийн цэц өөрийн шийдвэрүүдээрээ засаж залруулсан билээ.

Түүнчлэн эрх мэдэлтнүүд Үндсэн хуулиар олгосон эрх мэдлийг өргөтгөх, эсхүл бусдын эрх мэдлээс танах, хүрээ хэмжээнээс халих аль аль нь Үндсэн хуулийн хяналтад өртөх учиртай. Хэрвээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг судлан үзвэл Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдэл хуваарилалтын хүрээнээс хальсан, эрх мэдэл нэмж авсан цөөнгүй шийдвэр, эрх зүйн актыг хүчингүй болгож ардчилсан төрийн гол зарчим болсон эрх мэдэл хуваарилах зарчмыг хамгаалан бэхжүүлж төрийн тогтолцоонд тэнцвэрт байдал бий болгосон олон шийдвэрийг олж харж болно.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр олон тохиолдолд улс төрийн намжмал тогтвортой байдлыг бий болгодог гэж үзэж болно. Учир нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөвхөн Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлаж гардаг төдийгүй, уг шийдвэр нь давж заалдах газаргүй, зөвхөн биелэгдэх учиртай тул Үндсэн хуулиа дээдлэх үүднээс Цэцийн шийдвэрт захирагддаг.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бататган бэхжүүлснийг Үндсэн хуулийн цэц өөрийн олон шийдвэрээрээ хамгаалж иржээ. Эдгээр шийдвэрээс үзэхэд шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдалд нөлөөлж болох олон хүчин зүйл байгаа бөгөөд түүнийг иргэний өргөдөл, мэдээлэл, эрх бүхий байгууллагын хүсэлтийн үндсэн дээр тухай бүрт нь судлан шийдвэрлэж ирсэн байна.

Үндсэн хуулийн цэц оршин байгаагаараа Үндсэн хууль зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх томоохон үүрэг гүйцэтгэдэг гэж эрдэмтэд, судлаачид үздэг. Ер нь хууль хяналтын систем байгаагийн нэгдүгээр үүрэг нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг нь амьдралаар нотлогдсон үнэн юм. Улсын Их Хурлын хуралдааны танхимаас “хэрвээ ийм заалт орвол Үндсэн хуулийн цэцэд хандана шүү” гэсэн үг хэллэг олонтаа хэлэгдэх болсон нь ч үүнтэй холбоотой юм.

Гурав. Монгол Улс дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын тухайд

Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх бол Үндсэн хуулийн үзэл санааны үүднээс, түүнд тусгагдсан зохицуулалтын агуулга, зарчмын хүрээнд шийдвэрээ гаргадаг. Түүнээс биш энэ хууль, энэ зохицуулалт, энэ шийдвэр“зөв буруу”, “сайн муу” гэж дүгнэж түүндээ хөтлөгдөн шийдвэр гаргахгүй. Зарим маргааны тухайд, тухайн зохицуулалтад сайн тал олон байсныг үгүйсгээгүй. Гагцхүү Үндсэн хуулийн цэц тэр талаас нь биш зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл баримтлал, түүний агуулга талаас нь шийдвэрээ гаргаж ирсэн. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд ч гэсэн өөрийн гэсэн хил хязгаар байдгийг харуулж байгаа юм.

Өнөөгийн Монголын олон төрлийн ашиг сонирхол зэрэгцэн оршсон нээлттэй зах зээлийн нийгэмд иргэдийн үндсэн эрхийг хамгаалах, Үндсэн хуульт ёсыг сахин бэхжүүлэх нь амар хялбар ажил биш. Хэдийгээр Эрх зүйт төрийн үзэл баримтлалыг хүлээн авч хөгжүүлж байгаа ч өөрсдийн улс төрийн болон амин хувийн явцуу ашиг сонирхолдоо нийцүүлэн эрх баригчид Үндсэн хуулийн үзэл санааг гуйвуулан тайлбарлахаас эхлээд, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Үндсэн хуулийн заалтуудыг санаатай, санамсаргүйгээр өөрсдөдөө ашигтай байдлаар буруу хэрэглэн гажуудуулах тохиолдол гарсаар байна.Ийм зөрчлийг Үндсэн хуульт ёсны үүднээс хамгаалж, таслан зогсоох үүрэг бол яах аргагүй Үндсэн хуулийн цэцэд хадгалагддаг.Иргэдийн эрх, эрх чөлөө баталгаатай хэрэгжсэнээр ардчилал, тэгш эрхийн зарчим бодит биелэл болж, төр, ард түмний эв нэгдлийг бататган тогтоох нөхцөл бүрддэг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд дээд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг байгуулагдсан цагаасаа эхлэх хамгаалан баталгаажуулж, энэ талаарх хэм хэмжээний зөрчлийг таслан зогсоож ирсэн билээ.

Эрх зүйт төрийг бий болгох буюу хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах гол баталгаа бөгөөд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд зөв тэнцвэржүүлэн хуваарилах нь үүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал нь эрх мэдэл хуваарилах онолоос урган гарсан гэж үзэж болно.Үндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүдийн хараат бус байдал нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл оршин тогтнох баталгаа төдийгүй иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалах, эрх мэдлийн тэнцвэрт байдал хангагдах суурь нөхцөл мөн. Шүүх эрх мэдлийн хараат бус байдлын зарчим нь маш нарийн, олон талт ойлголтыг багтаадаг бөгөөд түүний дархлаа болох бүхий л хамгаалалт хангагдсан нөхцөлд хараат бус байдал нь бүрэн хамгаалагдана.

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг хуульчилсан боловч хууль тогтоох байгууллага болон Үндсэн хуулийн цэцийн хоорондын бодит харилцаа нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалтай нягт холбоотой байдаг. Нэг жишээг дурдахад Улсын Их Хурал 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөрөө Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, Цэцийн гишүүний хараат бус байдалд халдсан агуулга бүхий заалтууд орсныг нэр бүхий иргэдийн мэдээлэл, гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц хэлэлцээд 2016 оны 6 дугаар сард хүчингүй болгосон юм. Энэ шийдвэрийг гаргахад эрх баригчид, хууль тогтоогчдын зүгээс багагүй дарамт шахалт Үндсэн хуулийн цэцэд үзүүлж байсныг Та бүгдийн нилээд нь санаж байгаа байх. Гэвч Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн баталгааг хангахын тулд дээрх шийдвэрийг гаргаж чадсан юм.

Энэ мэт зарим бэрхшээл байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах, хүний эрхийг хамгаалах үүргээ чин шударгаар нэр төртэй тууштайгаар биелүүлсээр байна.

Дөрөв. Монгол Улс дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн цаашдын хандлагын тухайд

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан  хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хуулиар зохицуулдаг.

Үндсэн хуульт ёсыг хангах, хүний эрхийг баталгаатай хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилтын үүднээс Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээг боловсронгуй болгоход чиглэсэн олон асуудал бидний өмнө байна. Нэн тэргүүнд Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, улс төрийн нам, албан тушаалтны зүгээс ирэх нөлөө дарамтыг багасгах, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг баталгаажуулах явдал чухлаар тавигдаж байна. Энэ үүднээс Үндсэн хуулийн цэцийн болон маргаан хянан шийдвэрлэх процессын хуулийг дэлхийн төвшинд нийцүүлэн боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өмнө тулгараад байгаа бөгөөд уг ажил бидний ойрын ирээдүйн зорилт болж байна.

Ингэхдээ Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, гол хөшүүрэг болдог иргэдийн оролцоог улам баталгаажуулсан, иргэдээс эрх, эрх чөлөөгөө хамгаалуулахад илүү хялбар, ойлгомжтой болгосон зохицуулалтыг тусгах чиг хандлагыг баримталж байгаа болно.

Мөн эдүгээ бидний хэрэглэж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хангах талаарх зохицуулалтыг нарийвчлан тогтоогоогүй байдаг. Энэ нь зарим талаар бусад улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулахад манай улсад хоцрогдол байгааг нэг талаас харуулж байгаа юм.

Энэ мэтчилэн цаашдын хандлага, хөгжлийн чиг баримжаагаа тогтоох, шийдвэрийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх зэрэг асуудалд Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс үздэгийг энд цохон тэмдэглэмээр байна.

Мөн Үндсэн хуулийн цэц хараат бусаар ажиллах бүхий л боломжийг бий болгох түүнд улс төр, эдийн засгийн ямар ч дарамт шахалт үзүүлэхгүй байх, үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрнээ хангах явдал нь Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх үйл явцын чухал хэсэг гэж үзэж болно. Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүдийн хараат бус байдлыг илүү бататган бэхжүүлэх шаардлага бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс цаашид баримтлах гол чиг шугам юм.

            Дэлхий нийтийн хувьд авч үзвэл Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн цаашдын хандлага бол Үндсэн хуулийн хяналтын обьект болон субьектын хүрээг аль болох өргөтгөж, үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хүн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх боломжийг одоо байгаагаас илүү болгоход түлхэц өгч дэмжих явдал юм.

Монгол Улс дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн төлөвшлөөс харахад дэлхий нийтийн энэхүү үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч бататгах чиглэлд хөл нийлүүлэн алхаж байгаа гэж үзэх үндэслэл бүрэн бий гэдгийг энэхүү илтгэлийн өмнө дурдсан хэсгүүдээр нотолсон гэж бодож байна.

Эцэст нь тэмдэглэхэд ардчилсан нийгэмд Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл өөрийн гэсэн байр сууриа бататган бэхжүүлж чадлаа. Энэ бол Үндсэн хуулийн цэц өөрийн үүргээ чадварлаг гүйцэтгэжардчиллын үнэт зүйлс, Үндсэн хуульт ёс болон хүний ба иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах гол баталгаа, механизм болохоо харуулж чадсаны тод илрэл. Иймд энэ өндөр үнэлэмж, итгэл найдварыг бид хариуцлагатайгаар дааж, цааш цаашдын зөв, шударга шийдвэрээрээҮндсэн хуулиа хамгаалахих үйлсэд хувь нэмрээ оруулж үүрэг зорилтоо биелүүлнэ гэдэгтээ итгэл төгс байгаа болно.

Анхаарал хандуулсанд баярлалаа!