“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн түүх, гэрэл зургийн товчоон” номын нээлт боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн түүх, гэрэл зургийн товчоон” ном болон гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2022-6-28/ Үндсэн хуулийн цэцийн ордонд боллоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Цэцийн зарим гишүүд, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд, уг номыг бүтээхэд  хамтран ажилласан “Гамма” агентлагийн уран бүтээлчид оролцлоо.

Уг номыг хянан тохиолдуулагч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “уг ном нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн түүхэнд холбогдох үйл явдлын товчоон, Цэцээс гаргасан онцлох шийдвэрүүд, хэрэг маргааны статистик мэдээ, мөн үе үеийн Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн намтар, дурдатгал, гэрэл зургийн цомог зэргээс бүрдсэнийг дурдлаа.

Мөн номыг хамтран бүтээлцсэн “Гамма” гэрэл зургийн агентлагийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт хэлсэн үгэндээ, “Бид уг бүтээлд хөрөг зургаар Монголын түүхэнд хувь нэмрээ оруулсан, оруулж байгаа хүмүүсийн бодит төрхийг харуулахыг хичээсэн юм. Энэ номын гол баатрууд болох Та бүхэн энэ түүхийн амьд гэрч, оролцогчид нь билээ. Он цагийн эрхэнд гэрэл зураг л түүх болон үлдэнэ.” гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүх, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг хураангуйлан харуулсан гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.