Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль нь улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн үндсийг хамгаалан дээдэлж, олон хэвшил бүхий эдийн засаг, өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодотгож, сонгодог парламентат ёсны сонголтыг хийсэн, өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын тогтолцоог бататгаж, Үндсэн хуулийн хяналтыг шинээр тогтоосон манай орны нийгмийн амьдралыг зохицуулагч суурь хууль билээ.

Энэхүү Үндсэн хуулийг батлахдаа түүний агуулга, үзэл санаа, үндсэн бүтцийг хамгаалан Үндсэн хуулийн заалт бүрийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх, Үндсэн хуулийн маргааныг хянан хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх бүхий Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг бий болгосон юм.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу, эсхүл Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс эцэслэн шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн цэц байгуулсагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хүлээн авсан өргөдөл, хүсэлт, мэдээллийн тоо, хуралдааны шийдвэр зэргээс харвал 99,5 хувийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэл эзэлж байна.

Иргэдийн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах энэхүү эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэнтэй нэгэн цул болж, улмаар хууль тогтоох үйл ажиллагаа, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаагийн нэг хэлбэр болж байна.  

Монгол Улсын нийт иргэд, мөн түүнчлэн үе үеийн Цэцийн гишүүд, Үндсэн хуульт ёсыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан, мөр зэрэгцэн ажиллаж буй хамтран зүтгэгч нартаа Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна.