Үндсэн хуулийн цэцийн дарга Япон Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Япон Улсаас тус улсад суугаа Элчин сайд, ноён Кобаяаши Хироюкийг өнөөдөр /2021-11-24/ хүлээн авч уулзав.     

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд стратегийн түншлэлийн хүрээнд шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Элчин сайд Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтын тогтолцоотой танилцах завшаан тохиосонд баяртай буйгаа илэрхийлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллана гэдгээ тэмдэглэв.

Монгол Улс Япон Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон ба ирэх онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох юм.