2021-01-20

Хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэц үзлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.01.20/ дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалт, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, 01 дүгээр дүгнэлт гаргалаа.

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзлээ.


Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.