“И.К.Азизов: Хоёр орны түвшинд Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар харилцан туршлага солилцох их сонирхол байна” гэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр /2020-03-04/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон байгууллагынхаа эрх, үүрэг, үйл ажиллагааны талаар товч танилцуулсны дараа хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн байгууллагууд 2018 онд байгуулсан Хамтын ажиллагааны тухай Санамж бичгийн хүрээнд маш нягт, найрсаг харилцаа хөгжүүлж байна. Ийнхүү харилцааг улам идэвхжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд ялангуяа харилцан мэдээлэл солилцох байнгын механизм бий болгох, хүний нөөцийг хөгжүүлэх,  төлөөлөгчид солилцох, харилцан туршлага судлах, Тамгын газруудын шууд хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй байна гэдгээ илэрхийллээ.

Тэрбээр цааш нь, 2016 оноос хойш ОХУ-ын Санк-Петербург хотноо зохион байгуулж буй Эрх зүйн форумд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид тогтмол оролцож байгааг тэмдэглэв. Мөн ОХУ-ын Үндсэн хуульд оруулах гэж буй өөрчлөлтүүд, түүний хэлэлцүүлгийн явц их сонирхол татаж буйг дурдаад Үндсэн хуулийн эрх зүйн шинэчлэл нь амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх түүнийг шинэ, дээд шатанд гаргах, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх, хоёр орны Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд Элчин сайд, Элчин сайдын яам их хувь нэмэр оруулж байгаад баяртай байна гэдгээ илэрхийллээ.

Ярианыхаа төгсгөлд тэрбээр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан баяр хүргэсэнд талархаж байгааг уламжилж өгөхийг хүсэхийн сацуу түүний Монгол Улсад  айлчлах  урилга хэвээр байгааг нотоллоо.

Ноён Элчин сайд хариу хэлсэн үгэндээ, уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын дэвшүүлсэн санал, талархлыг нь ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргад цаг алдалгүй уламжлах болно гэв.

Тэрбээр,Оросын Үндсэн хуульд оруулах гэж буй өөрчлөлтийн талаар танилцуулахдаа, төсөлд 900 гаруй санал тусгахаар ирүүлээд байгаа бөгөөд ийнхүү Үндсэн хуулийг шинэчлэх үйл явцад олон байгууллага, улс төрийн хүчин, шашны байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид байр сууриа илэрхийлж байна. Мөн олон жилийн түүх, уламжлалтай эрх зүйн эрдмийн сургуулиуд, бүх шатны шүүх түүний дотор Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид идэвхтэй оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулж   байгааг дуулгалаа.

Ноён Элчин сайд, “Энэ оны тавдугаар сарын 19-23-ны өдөр Санк-Петербург хотноо болох Эрх зүйн форумд  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид оролцохын бол ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой олон мэдээлэл авах боломжтой юм. Форумд 5.500 гаруй төлөөлөгчид оролцохоо урьдчилан мэдэгдсэн байна. Форумын үеэр эрх зүйн  тулгамдсан асуудлаар олон улсын хуульчид хамтран  нэгдсэн байдлаар ярилцах, байр сууриа илэрхийлэх, санал солилцохоор байна. Түүнээс гадна ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үйл явцын талаар сайн мэдээлэлтэй байгаа бөгөөд хоёр орны түвшинд Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар харилцан туршлага солилцох их сонирхол  байна” гэдгээ онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улс, ОХУ-ын Үндсэн хуулийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд И.К.Азизовт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ийг гардууллаа.

Уулзалтад Үндсэн хуулийн цэцийн гишүн Ц.Нанзаддорж,Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга  Д.Баянбилэг, албаны бусад хүн  байв.