Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяаг өнөөдөр /2019-12-11/ хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Ханнс Зайделийн сан нягт, үр өгөөжтэй хамтран ажиллаж, ялангуяа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн чадавхийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Саяхан батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх, түүний үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэх асуудал Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай салшгүй холбоотойг онцлон тэмдэглэв.

Мөн цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар ярихдаа, харилцан онол, арга зүйн болон практикийн мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, ном товхимол, гарын авлага бэлтгэх, Цэцийн Тамгын газрын чадавхийг дээшлүүлэх, Цэцийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонтой нь холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад баяр хүргээд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Ханнс Зайделийн сангийн хамтран ажилладаг байгууллагын нэг бөгөөд бусад түншлэгч байгууллагуудад жишээ болохуйц үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ уламжлал нь хадгалагдана гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

Uncategorized