УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

УИХ-ын  ээлжит бус чуулганы  2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийн талаарх илтгэлийг  Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Б.Буяндэлгэр танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн билээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэснийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн юм.

Уг дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзжээ.