Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж захиргааны акт гэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйл ажиллагааг хамаарахгүй болгон, өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан нь захиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Түүнчлэн, Улсын Их Хурлаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мөн өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь захиргааны хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулан дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг зөрчигдөхөд хүргэсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.  /2018.11.21/

Uncategorized