Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллийг шалгарууллаа

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгууллаа.

Анх Монголын хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганы үеэр буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шилдэг өгүүллийн шагналыг гардуулсан билээ.

Энэ жилийн хувьд тус уралдаанд зохиогчдоос “Хууль дээдлэх ёс”,  “Эрх зүй” “Шүүх эрх мэдэл”, “Хүний эрх” эрдэм шинжилгээний сэтгүүлд 2017 онд нийтлүүлсэн өгүүллээс “Шилдэг өгүүлэл”-ийг хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндсөн, шинжлэх ухааны ач холбогдол, шинэлэг санаа дэвшүүлсэн байдал, судалгааны арга зүйн төвшин, онол, практикийн ач холбогдол, дэвшүүлсэн санал, дүгнэлт нь оновчтой, хэрэгжих боломжтой байх, эрдэм шинжилгээний бичлэг, хууль зүйн нэр томьёоны хэрэглээ, хэлний найруулга зүйн шаардлагад нийцсэн байх гэсэн шалгуурыг харгалзан шалгаруулсан болно.

Shildeg uguulel

Шалгаруулалтыг хийхдээ ирүүлсэн өгүүллийн судлаачдын нэрийг нууцалж, зохион байгуулагч байгууллагын төлөөлөл хууль зүйн доктор, судлаачдад хүргүүлж, тэдгээрийн олонхийн саналаар хамгийн өндөр оноо авсан өгүүллийг шалгаруулсан болно.

Шалгаруулалтын дүнгээр 2018 оны хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант С.Номынбаясгалангийн “Нийтийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн асуудал (Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд) сэдэвт өгүүлэл шалгарлаа.

Шилдэг өгүүллийн зохиогчид шагналыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөлөл 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд гардуулан өглөө.